Сэрэмжлүүлэг: ЗТХЯ-ны нэрийг барьж иргэдийг БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүй байна Ж.Батбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж ажиллах ёстой “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд том оврын автобус үйлчилнэ Хотын захирагч С.Амарсайхан Москва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ Эрдэнэт хотод олон улсын менежментийн мэдлэг хуваалцах “ERDENETx2019” сургалт зохион байгуулна Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо Хотын захирагч С.Амарсайхан Мосва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа Төмөр замын хос шугамтай болчихвол ачаа тээвэрлэлтийн хэмжээ 3 дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтэнүүд үзэж байна Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаан Ханой хотноо хуралдаж байна
Д.ЗОРИГТ: Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн л бол даатгуулагчийн нийгмийн баталгааг төр хариуцах үүрэгтэй
Э.Алтантуяа
Агентлаг
/
2 долоо хоногн өмнө

Нийгмийн даатгалын тогтолцоо, хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригттой ярилцлаа.

-       Нийгмийн даатгалын өнөөгийн байдал, хамралт болон орлого зарлагын гүйцэтгэлийн талаар ярилцлагаа эхлүүлье.

Өнгөрсөн онд нийгмийн даатгалд 45.5 мян.ажил олгогч хамрагдаж, 907.7 мянган хүн албан журмын даатгалд, 197,0 мян.хүн сайн дурын даатгалд даатгуулж, жилд 1.5 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн. Энэ нь Монгол Улсын Нэгдсэн төсвийн 14.7 хувийг эзэлж байгаа юм. Эргээд нийгмийн даатгалын сангаас 637.2 мянган даатгуулагчийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардалд 1.8 их наяд төгрөг зарцуулсан. Харин 2019 оны эхний 10 сарын байдлаар 46.9 мян.ажил олгогч, 1.1 сая даатгуулагчийг хамруулж, 1.5 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн бол зарлагын санхүүжилтэд 1.7 их наяд төгрөг зарцуулж, 618.9 мян.хүнд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал олгосон байдалтай байна.

-       Сайн дурын даатгалын хамралт ямархуу байна вэ? Энэ иргэдэд хэр ашигтай даатгал юм бол?

Нийгмийн даатгал нь албан журмын болон сайн дурын гэсэн  2 хэлбэртэй. Ямар нэг ажил олгогчтой гэрээний үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэд, тухайлбал малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, тодорхой хөдөлмөр эрхэлдэггүй иргэд, оюутан залуус нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагдаж шимтгэлээ төлөх эрх нь нээлттэй байгаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар 178.1 мян.хүн сайн дурын даатгалд хамрагдаад байна. Нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулснаар албан журмын даатгуулагчийн нэгэн адил нийгмийн эрсдэлд өртөх үедээ хуулиар тогтоосон болзол, нөхцөлийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.

-       Ажилгүйдлийн даатгалд улсын төсвөөс жилд хичнээн төгрөг зарцуулдаг вэ? Нөхөн олговор олгох нь улсын төсөвт ихээхэн хүндрэл учруулдаг гэдэг. ХХҮЕГ-тэй харилцан зөвлөж, иргэнээ ажилд оруулах талаар ярилцдаг уу?

Ажилгүйдлийн даатгалын санд улсын төсвөөс ямар нэг нэмэлт санхүүжилт олгодоггүй, энэ сан орлогоороо зарлагаа бүрэн нөхөж,  чөлөөт үлдэгдэлтэй байдаг. Оны эхний 10 сарын байдлаар 19.2 мян.хүний тэтгэмжид 34.6 тэрбум төгрөг зарцуулаад байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг олгохдоо Хөдөлмөр, халамжийн хэлтэст ажилгүй болсон тухайгаа бүртгүүлсэн байхыг шаарддаг.

-       Жилд хэчнээн хүн осолд орж, ҮОМШӨ-ний даатгалд хамрагддаг вэ? Үйлдвэрчний эвлэлээс мэдээлэхдээ тэдгээр хүний эрх ихээхэн зөрчигддөг, даатгалын мөнгөө авч чаддаггүй гэх юм?

Үүнтэй санал нийлэхгүй байна. Үйлдвэрлэлийн ослын улмаас тэтгэвэр, тэтгэмж тогтооход шимтгэл төлж ажилласан хугацааг харгалздаггүй, мөн өндөр хувь хэмжээгээр тогтоогддог онцлогтой. ҮОМШӨ-ний улмаас сүүлийн 5 жилийн дунджаар авч үзвэл жилд шинээр 102 хүн тахир дутуугийн тэтгэвэр, 35 хүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, 1001 хүн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж тогтоолгон авч байна. Өнгөрсөн оны байдлаар 4118 мян.хүний тахир дутуугийн тэтгэвэрт 23.9 тэрбум төгрөг, 533 хүний тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 2.6 тэрбум төгрөг, 1066 хүний хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 0.7 тэрбум төгрөг, 17 хүний хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх төлбөрт 17.4 сая төгрөг, 3451 хүний рашаан сувиллын төлбөр, ирж очих унааны зардалд 1.0 тэрбум төгрөг зарцуулсан байна. Асуудал юунд байна гэхээр ажил олгогчид үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоох, мэдээлэх үүрэгтэй. Үүнээс зайлсхийдэг мэдээлэл бий. Харин үйлдвэрлэлийн ослын акт тогтоолгосон даатгуулагчид энэ сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох ажил ямар ч саадгүй байдаг.

-       Тэтгэмжийн даатгалд хэчнээн төгрөг зарцуулдаг вэ? Зарим тохиолдолд мэдээлэлгүйгээсээ болж хохирдог юм билээ... 

Тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын гэсэн 3 төрлийн богино хугацаатай тэтгэмж авах боломжтой. Даатгуулагч 3 сар ба түүнээс дээш хугацаанд тэтгэмжийн даатгалд даатгуулсан бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж,  12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь шимтгэл төлсөн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. Нас барсан даатгуулагч нийтдээ 36 сараас доошгүй хугацаанд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн бол түүний ар гэрт нь оршуулгын тэтгэмж олгодог. Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиар тэтгэмжийн даатгалын сангийн зарлагын төсвийг 114.2 тэрбум.төгрөгөөр баталсан. Оны эхний 10 сарын байдлаар 176.3 мянган даатгуулагчид 102.4 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон байна.   

-       Нийгмийн даатгалын тогтолцоо сайн, муу гэж шүүмж их гарах юм. Нийгмийн даатгалын хууль эрх зүйн орчин Монголд бэхэжсэн үү. Бид ирээдүйд санаа зовохгүй байх нөхцөл бүрдсэн үү?

УИХ-аас 1994 онд Нийгмийн даатгалын багц хуулийг баталснаар 1995 оноос Монгол Улс нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн. 1995 оноос хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын багц хуулиудад 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч шинэчилсэн найруулга ороогүй. Энэ нь нэг талаас манай улсын нийгмийн даатгалын тогтолцооны эрх зүйн орчин харьцангуй тогтвортой, үндэс суурь нь боломжийн гэдгийг харуулж байна. Олон улсын зарим зөвлөхүүдээс “Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоонд сайн туршлага байна” гэж онцолдог. Нөгөө талаас нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн ам зүйн өөрчлөлт, нийгмийн  даатгалын үйлчилгээний хамрах хүрээ өргөжиж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын холбогдолтой багц хуулийг шинэчлэх цаг болсон гэж үзэж байна. Нийгмийн даатгалын арилжааны даатгалаас ялгаатай онцлог нь бүх нийтийн шинжтэй, хөдөлмөр эрхэлж байгаа орлого бүхий иргэн бүр хамрагдаж, нийгмийн эрсдэлд өртсөн хэсэг нь үйлчилгээ авдаг эв санааны зарчимд тулгуурласан тогтолцоо юм. Иймд нийгмийн даатгалын харилцаанд орсон, хуулиар заасан болзол, нөхцөлийг хангасан даатгуулагч бүр нийгмийн даатгалын үйлчилгээ хүртэх эрхтэй. Үүнд эргэлзэх зүйлгүй ээ.

-       Иргэд нийгмийн даатгал төлөөд хэрэггүй банкинд хадгалуулах хэрэгтэй гэсэн агуулгатай санал бодлоо илэрхийлдэг болжээ. Энэ асуудалд та яаж ханддаг вэ?

Өнөөдөр Монгол улсын иргэд бараг бүгд банкинд данстай атлаа нийт айл өрхийн 21 хувь нь л хуримтлалтай байна. Эсрэгээрээ нийт өрхийн 52 хувь нь ямар нэг зээлтэй, бүр дийлэнх нь давхар зээлтэй байна. Сар бүр банкинд зээлийн хүү төлж байгаа иргэдийн хэд нь ирээдүйд учирч болох нийгмийн эрсдэлийг тооцож хуримтлал үүсгэх боломжтой бол?  Нийгмийн даатгал төлөхөө больсон тэр цаг үеэс эхлэн нийгмийн бүхэл бүтэн нэг үе ядуусын эгнээнд шилжинэ гээд хэлчихэд буруудахгүй байх. Учир нь одоогийн нөхцөлд  Монгол улсын 5 иргэн тутмын 1 нь нийгмийн даатгалын үр шимийг хүртэж байна шүү дээ. Нөгөө талаас иргэд нийгмийн даатгалыг арилжааны даатгалтай харьцуулаад байдаг.  Зарим эрдэмтэн, судлаачид тэтгэврийн даатгалын хуримтлалын  тогтолцоотой улс орнуудтай жишиж тайлбар хийж байна. Дэлхийн улс орнуудад тэтгэврийн даатгалын хуваарилалтын, хагас хуримтлалын, бүрэн хуримтлалын гэсэн 3 төрлийн тогтолцоо хөгжиж байна. Хуваарилалтын гэдэг нь өнөөгийн шимтгэл төлөгчдийн төлсөн шимтгэлээр сан бүрдүүлж эргээд уг санг тэтгэвэр, тэтгэмж, төлбөр хэлбэрээр буцаан хуваарилж байна. Хагас хуримтлалын гэхээр авах тэтгэврийн тодорхой хэсгийг нь хуваарилалтын зарчмаар буюу нэгдсэн сангаас үлдэх хэсгийг өөрийнх хуримтлуулсан хэсгээс олгохыг, бүрэн хуримтлалын гэдэг нь авах тэтгэвэр нь зөвхөн өөрийнх нь төлсөн шимтгэлийн хуримтлалаас санхүүжүүлэхийг хэлж байгаа юм. Өндөр хөгжилтэй Сингапур, Швед зэрэг орнууд хуримтлалын тогтолцоотой. Харин Унгар, Франц зэрэг орнууд болон манай улс тэтгэврийн хуваарилалтын тогтолцоотой. Өөрөөр хэлбэл нийт шимтгэл төлөгчдийн төлсөн шимтгэлээр бүрдсэн орлогоос одоогийн тэтгэвэр, тэтгэмжийг санхүүжүүлж байна. Нийгмийн даатгал нь зөвхөн тэтгэвэр олгодог газар биш. Өвдсөн, өтөлсөн, жирэмсэн, ажил орлогогүй болсон, осол аваарт өртсөн,  хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, тэжээгчээ алдсан гээд нийгмийн эрсдэл тохиолдсон хүн бүрт өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг.  

-       Та тодорхой жишээ дурьдахгүй юу? Нийгмийн даатгалын олон төрлийн үйлчилгээ байдаг гэлээ, дундаж иргэн тэгвэл хэдий хэмжээний мөнгө нийгмийн даатгалд төлөөд эргээд ямар үйлчилгээ авч чадах вэ?

Манай мэргэжилтнүүд иргэдэд ойлгомжтой тайлбарлах үүднээс тухайлсан нэг иргэний амьдралын мөчлөг, түүнд учирч болох нийгмийн эрсдэлийн үед төлснийхөө хэрээр үр шимийг нь хүртэж чадах эсэх дээр хийсвэр тооцоолол хийж үзсэн байна лээ. Жишээ нь даатгуулагч нийтдээ  20 жил ажилласан, 800 мянган төгрөгийн цалинтай гэж үзвэл сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд 100 мянган төгрөг төлнө. Шимтгэлийн хувь хэмжээг 2020 оноор тооцоолоход шүү дээ. Ингэхээр жилд 1.2 сая, 20 жилд 24 сая төгрөг төлнө гэсэн үг. Харин энэ хугацаанд даатгуулагчид үүсч болох нийгмийн эрсдэлээс үүдэлтэй санхүүгийн ачааллыг тооцож үзвэл 125.8 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээг  нийгмийн даатгалын сангаас авах тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл  шимтгэлд 24 сая төгрөг төлөөд эргээд 125.8 сая төгрөгийн үйлчилгээг нийгмийн даатгалын сангаас авахаар байна. Энэ тооцооллыг хийхдээ хамгийн бага буюу дундаж дүнгээр тооцсон учраас даатгуулагчид тохиолдох эрсдэлээс шалтгаалж үүнээс ч өндөр үнэтэй, олон  давтамжтай тусламж, үйлчилгээ авах боломжтой гэсэн үг. Бүгд нэгэн зэрэг тэтгэвэрт гардаггүй, нэг зэрэг өвдөж, нэгэн зэрэг хүүхэд төрүүлдэггүй учраас нийтийн төлсөн сангаас тэтгэвэр, тэтгэмж хуваарилан олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын хуваарилалтын буюу эв санааны зарчим (Pay As You Go) үйлчилж байна гэсэн үг л дээ. Энэ утгаараа арилжааны сайн дурын даатгалаас ялгаатай. Мөн мөнгөө банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж хүүгээр өсгөхөөс ч ялгаатай. Нийгмийн даатгал (Social insurance) нь хүн амын нийгмийн хамгааллын бодлогын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн л бол тэр даатгуулагчийн нийгмийн баталгааг төр хариуцах үүрэг хүлээж байгаа. Ийм ч учраас албан журмын шинжтэй байдаг.

-       Зарим цэрэг хүчний байгууллагынхан эрт тэтгэвэрт гарч буй нь төсөвт хүндрэл учруулж байна гэдэг. Тухайлбал өнгөрсөн онд тэдний тэтгэвэрт хэдэн төгрөг зарцуулав. Ирэх онд хэдийг төсвийн төсөлд суулгах вэ?

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21.1-д зааснаар НДЕГ нь гэрээгээр цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоож, харилцагч банкуудаар дамжуулан олгох ажлыг эрхлэн гүйцэтгэж байна. Хуулийн энэ зохицуулалтын дагуу тус газар Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шинжилгээ, Авлигатай тэмцэх, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу цэргийн тэтгэвэр нь улсын төсвөөс санхүүждэг бөгөөд жил бүрийн төсөвт цэргийн алба хаагчдын тэтгэвэрт зарцуулах улсын төсвийн хөрөнгийн эх үүсвэрийг баталдаг. 2018 оны байдлаар 17.8 мян.цэргийн алба хаагчийн тэтгэвэрт 122.9 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд энэ онд 18.0 мян.тэтгэвэр авагчийн тэтгэвэрт улсын төсвөөс 130.5 тэрбум төгрөг зарцуулна. Оны эхний 10 сарын байдлаар нийтдээ 18.6 мян.цэргийн алба хаагчийн тэтгэвэрт 115.6 тэрбум.төг зарцуулаад байна.

-       Ирэх онд Нийгмийн даатгалын холбогдолтой хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд  хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд бэлтгэлээ бүрэн хангаж чадсан уу?

2020 оноос Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр орсон хүүхдээ 3 нас хүртэл хугацаанд асрах чөлөөтэй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, сайн дурын хэлбэрээр нийгмийн даатгалд даатгуулсан эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, хуулиар тогтоосон нөхцөл, болзлыг хангасан даатгуулагч-эхэд хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эхийн шимтгэл төлсөн хугацааг төрүүлэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сараар нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтаас гадна Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай бие даасан хууль хэрэгжиж эхэлнэ.Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нэмж шаардагдах төсвийн эх үүсвэр Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан байгаа бөгөөд яг одоо УИХ хэлэлцэж байна.

-       Хууль хэрэгжээд эхлэхээр малчид гээд зарим зорилтот бүлэг нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө. Төсөвт тэдний тэтгэврийг тогтоосны дараа өгөх мөнгө бий болов уу?

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдах бөгөөд 1995-2019 оны хооронд төлж чадаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж бүрдэх юм. Ийнхүү шимтгэлээ төлснөөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийн нас, нийт шимтгэл төлсөн байвал зохих хугацаа, үүнээс  малчнаар ажиллан шимтгэл төлсөн хугацааны болзлыг хангасан малчин өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах боломжтой болно. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн эх үүсвэр мөн Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.