Баянгол дүүргийн боловсролын салбарын удирдах ажилтны уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-03-31

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Баянгол дүүргийн Удирдах албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөн”-ийг 2 дугаар сард зохион байгуулсан ба зөвлөгөөний дагуу өнөөдөр /2022.03.30/ боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл болоод боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, салбар хоорондын ажлын уялдааг сайжруулах зорилгоор салбарын удирдлагуудын уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Өнөөдрийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” сэдвийн дор зохион байгуулж байгаа ба зөвлөгөөнийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн нээж үг хэлэхдээ “Боловсролын салбарын нийт албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, цалин хөлсний нэмэгдлийг төсвийн хүрээнд өр төлбөр үүсгэхгүйгээр нэмэгдүүлэх, ингэхдээ шинэчилсэн хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг ханган ажиллах нь өнөөдрийн зөвлөгөөний үр дүн байна” хэмээн онцоллоо.

2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан боловсролын салбарын удирдах  ажилтан, нягтлан бодогч нарт зориулан “Өмгөөллийн ивээл баг” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нийтлэг үндэслэл, шинээр туссан заалтууд, зарчим” болон “Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, хариуцлага”, “Ажил, амралтын цаг, цалин хөлс” зэрэг сэдвээр хууль, эрх зүйн мэдээлэл өгч оролцогчдын сонирхсон асуултын дагуу мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан юм.

Тус уулзалт зөвлөгөөнөөр “Боловсролын салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээ-2022” сэдвээр дүүргийн Төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шинжилгээний хэлтсийн дарга Б.Лхагвабаатар мэдээлэл хийсэн ба боловсролын салбарт шинээр болон он дамжин хэрэгжих нийт 32,4 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг танилцуулсан.

Мөн боловсролын байгууллагад тулгамдаж буй асуудал болох Байгууллагын дотоод хяналтын тогтолцооны тухай онол арга зүйн мэдээллийг дүүргийн Дотоод аудитын албаны дарга, сургагч  багш, МНБ, мэргэшсэн аудитор Н.Наранчимэг, боловсролын байгууллагуудын “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилт 2021 оны байдлаар, дотоод аудит, дотоод хяналтын үр дүнг танилцуулах мэдээллийг ахлах дотоод аудитор Ч.Одгэрэл нар тус тус өгч сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч, байгууллагын нягтлан бодогч нартай сонирхсон асуултын дагуу мэдээлэл солилцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.231.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.