ШЕЗ: "АВЛИГА" хорооллыг барих ямар ч зөвшөөрөл ШҮҮХЭЭС ГАРААГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-07-27

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр "Aqua garden" буюу "авлига хороолол"-ын газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрлийг шүүхээс өгсөн гэх мэдээллийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэлийн ажилтан тайлбар өгөв.  Тэрбээр "Aqua garden хорооллын газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхээс олгосон мэт мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавих, шүүхийн хараат бус байдалд халдах үйл ажиллагаа явагдсан. Тус гүтгэлгийн шинжтэй үйл ажиллагаа зогсоогүй байна.

Тиймээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "авлига" гэх тодотголтой хорооллын газар эзэмших, барилга байгууламж барих эрхийг шат шатны байгууллагууд хэрхэн олгосон талаарх мэдээллийг танилцуулъя.  Монгол Улсын шүүх нь иргэн хуулийн этгээдэд тодорхой газар эзэмших,ашиглах, барилга байгууламж барих эрх, зөвшөөрөл олгох хуулийн боломжгүй.

Тус хорооллын хэргийг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн Захиргааны шүүхийн 147 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг. Усан парк болгосон захирамжийг хүчингүй болгосон захирамжийг шүүхээс шийдсэн. Ямар нэгэн байдлаар хуулийн этгээдэд шүүхээс газар эзэмших гэрчилгээ олгосон асуудал байхгүй.

2018 оны Нийслэлийн Засаг даргын А/1111 захирамжаар олгосон зориулалт нь усан парк, үйлчилгээний газар олголт нь хэвээр үлдсэн гэсэн үг. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч буюу Нийслэлийн Засаг дарга давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй учир тус шийдвэр хүчин төгөлдөр болсон. 

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжаар тус газрын зөвшөөрлийг худалдаа үйлчилгээ, орон сууц, цогцолборын зориулалтаар өөрчилж шийдвэрлэсэн. Харин барилга байгууламж барих зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны долдугаар сарын 7-ны өдөр өгсөн. Дээрх баримтаас харвал шүүхээс иргэн хуулийн этгээдэд газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрөл олгоогүйг харж болно" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.49.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.