Ц.Хулангийн 2019 онд XIV Далай ламд бичсэн захидал бүрэн эхээрээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-01

Яруу найрагч Ц.Хуланд гадаадын тусгай албадтай хамтран ажилласан хэргээр есөн жил, зургаан сарын хорих ял оноосон.

Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар манай сайтад өгсөн ярилцлагадаа, түүнийг буруутгасан үндэслэлүүдийн нэг нь 2019 онд XIV Далай ламд бичсэн захидал хэмээсэн.

Тэгвэл захидлыг Ц.Хулангийн гэр бүлээс ил болгож байгаа юм байна. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

ДЭЭРХИЙН гэгээнтэн XIV ДАЛАЙ ЛАМ ДАНЗАНЖАМЦ ТАНАА

 Эрхэм таны амрыг эрэн мэндэлж, аз жаргал болон эрүүл энхийн хадгийн дор энэхүү захидлыг мэхийн өргөж буйг хүлээн авна уу. Хүн төрөлхтний амар амгалангийн төлөө залбиран, насан туршийн үйлс бүтээлээ зориулж яваад тань Монголын ард түмэн бид сүслэн баярладаг, бахархдаг билээ. Бурханы шавь сүсэгтэн олон Монголчууддаа олонтаа залран ирж сургаал айлдвараа харамгүй хайрлаж байдаг таны ач тусыг өнөө ч марталгүй, таныг хэзээ дахин залрах бол хэмээн харуулдаж байдаг юм. Энэрэнгүй бөгөөд мэргэн оюуны тань мэлмийн өмнө доорх захидлыг хүргэж байна. Олон улсын улс төрийн харилцаанд шашин, сүсэг бишрэлийн асуудлыг урьд урьдынхаас хүчтэй тулган тавих болжээ. Ийм нөхцөлд бурхны шашин, буддизм, дэлхийн нийт буддистууд хамгаалан хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарах боллоо.

Ихэр ах дүүс гэгддэг Монгол Төвөдийн ард түмний оюун санааны өв хөрөнгө, үнэт зүйл болсон бурхны шашнаа хадгалж хамгаалах, цаашид хөгжүүлэн дэлгэрүүлэхэд мөн та бидэнд нэгэн бодлогыг тууштай баримтлах болоод байна. Энэ бүхнийг товчлон хураангуйлж өчье.

Монголчуудын хувьд Богд лам Жавзандамба хутагтын X дүрийн асуудал нэн тулгамдаж буй, яаравчлан зарлаж болохгүй энэ асуудлыг Монгол Улсын төр засаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй юм. Тодорсон гэгдэж байгаа, эдүгээ АНУ-д аж төрж буй бяцхан хүү бол Монголын улс төрийн амьдралд хэт орооцолдсон удмын хүү бөгөөд үүнд олон түмэн таатай хүлээж авахгүй байгааг дуулгая. Ялангуяа түүний эмээ, УИХ-ын гишүүн нэгэн бээр олон жил уул уурхайн, алтны бизнес эрхэлж байгаль экологийг сүйтгэсэн явдал нь тэдний гэр бүл, нэр хүндээ алдах шалтгаан болсон нь тун харамсалтай. Мөн Монгол Улсын харьяат болж иргэнших эрх авсан зарим төвөд лам нар Монгол Улсын төр, шашны дотоод асуудалд хэт орооцолдож, ялангуяа дээрх УИХ-ын гишүүнтэй ойр шадарлаж, орон сууц авахуулсан зэрэг нь тогтоогдсон, энэхүү шинээр тодорсон дүрийг бүрхэгдүүлж буй нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг үр дагавар дагуулсаар байна. Цахим сүлжээнд энэ асуудал байнга дэгдэж, бурханы шашны болон Дээрхийн гэгээнтэн таны эрхэм алдарт сэв суулгахыг санаархаж байгаа нь бодитой юм. Олон улсын харилцааны түвшинд болон дотооддоо маргаан үүсгэсэн тул асуудлыг ойрын хугацаанд яаравчлан шийдвэрлэж болохгүй юм.

МБШ-ны Төв Гандантэгчилэн хийд тус асуудлаар олон нийтэд хандан тодорхой байр суурь илэрхийлдэггүй, ингэх ч боломжгүй. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хууль ба шашны хуульд төр, шашны эрх зүйг тусгаарласан боловч түүхэн уламжлалт Буддын шашнаа хамгаалж ард түмнийхээ оюун санааны эв нэгдлийг хангах эрх үүргээ бид биелүүлэх ёстой. Учир иймд X дүрийн Богд ламын дүрийг ойрын ирээдүйд нэн зайлшгүй тодруулах ёстой юм бол урьдчилан сайтар шүүн тунгааж шийдвэрлэхийг Дээрхийн гэгээнтэн танаас хичээнгүйлэн хүсч байна. Дээдэс таны тодруулсан дүрийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах ёстой байдаг бошиг замналыг танд дурдах нь илүүц биз ээ. Язгуур гарал ариун, үйлийн үрийн барилдлага төгөлдөр, бурхны шашныг дэвжээн мандуулах итгэл авралын орон болсон эрхэм нэгэн бээрийг Монголын эгэл жирийн ард олны дундаас нягтлан хичээнгүйлэн тодруулах нь хойч үедээ та бидний үлдээх өв хөрөнгө мөнөөс мөн билээ. Та бидний барих бодлого нэг байж ирээдүй хамт байх болно. Дээрхийн гэгээнтэн XIV далай ламтан таны өлмий бат оршиж бурхдын үйлсийг бүтээх хувь ерөөл тань дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын бодлогын зөвлөх, Монгол Улсын СГЗ Цоодолын Хулан гэжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.198.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.