– “Ногоон хөгжил” төсөл хэрэгжүүлж, ойн салбарт шинжлэх ухааны гайхамшгийг авчирлаа –
Монгол Улсын баатар, уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Ногоон хөгжил” төсөл хэрэгжүүлж байна. Ойн салбарын ирээдүйг тодорхойлсон, шинжлэх ухааны ололтыг ашигласан Ойн генетик нөөцийн, Хөрсний иноваци технологийн, Мод үржүүлгийн гэсэн гурван нэгж бүхий “Ойн инновацийн Эрдэнэт парк”-ыг төслийн хүрээнд байгуулж байгаа юм.
“Ногоон эрэл”-ийн сурвалжлах хэсэг эхлээд “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-өөр зочиллоо. Цэлгэр уужим хашаанд сүүлийн үеийн хийц загвартай хоёр давхар байгууламж нүднээ содон тусав. Байгууллагын хаягийг дээвэр дээр ногоон дэвсгэрт дурайлгаж, дэргэд нь “Ногоон аз жаргал” гэж англиар бичжээ. Гадна талбайд, өндөр бортогонд тарьж үрслүүлж буй бургас, улиас хэдэн мянгаараа цэрэг шиг эгнэж, цэл ногоон навчис сэрчигнүүлэн угтав. Тэрүүхнээр будаг нь ханхалсан ХАА-н тоног төхөөрөмж, техник хэрэгсэл харагдана. Бага оврын трактор, анжис, борной, өөр юу ч байгаа юм, бөөр бөөрөө нийлүүлэн ажлаа хүлээн дүнхийнэ. Зарим нь шавар шороо болсныг үзвэл “ажлаасаа бууж” ирсэн нь тэр биз. Нэг л сүрдэм, бахархал ч төрмөөр агаад шилэн хаалгыг татан орсон хойноо энэ төв хэчнээн ач холбогдолтойг ойлгож мэдэрсэн бүлгээ.
ДАХИН НЭГ Ч МОД, БУТ, СӨӨГ УСТАХГҮЙ
“Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-ийг “үрждэг, ургадаг уурхай” гэж хэлж болох юм. Хамгийн чухал нь энд Монгол оронд ургадаг бүх төрлийн модны үрийг урт болон богино хугацаагаар хадгалах ажээ. Гэхдээ Жамц баян шиг хадганд боогоод авдрын мухарт хав дарах биш, сэнсэн хөргүүр бүхий зориулалтын өрөө тасалгаанд, тодорхой хэмд, шинжлэх ухааны үндэстэйгээр, 1000 хүртэл тонн үр хадгална. Ингэснээр Монгол нутагт дахиж ямар ч мод бут цаашилбал байгалийн ургамал устаж үгүй болохгүй, “Улаан ном”-д бичигдэхгүй болж байна. Энэ бол маш том дэвшил, ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт юм. “Эрдэнэт үйлдвэр” ёстой л улсын баатар шиг зангарагтай загнаж, ирээдүйгээ маш зөв тодорхойлсонд салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн мэргэд төдийгүй энгийн иргэд ч баяртай байна.
Үүдэнд танин мэдэхүйн танхимыг тохижуулжээ. Өргөн том дэлгэц дээр дийлэнх төрлийн мод, бутыг хэрхэн тарих аргачлалыг танилцуулж, тухайн иргэн хүсвэл тэдгээрийг гарын авлага болгон хэвлэж өгдөг гэнэ. Баруун хананд Монгол орны газрын зурагт үрийн мужлалыг өнгө ялган дүрсэлж, аль мужаас ямар төрлийн мод, бут, сөөгийн үр түүж бэлтгэх боломжтойг харуулжээ. Зүүнтэйгүүр вандан тавиур дээр жижиг шилтэй, үйсэн таглаатай сааралдуу зунгааралдсан шингэн дотор турьгүй ногоон иш үндэслэж байгааг хараад ямар нэгэн туршилт судалгаа юм болов уу гэж бодсон бараг эндүүрсэнгүй. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Янгивын Ариунзулын тайлбарласнаар, энэ төвд нэг ширхэг үрийг эсийн аргаар хэдэн мянга болгон үржүүлэх ажээ. Устахдаа тулсан ховор мод, ургамлын ганцхан ширхэг үрийг жишээ нь, хэдэн мянга дахин хувилж олшруулна гэхээр итгэмээргүй ч нэгэнт бодит ажил болон нүдэн дээр ил байгаа юмыг яах ч билээ. Битүүмжилсэн шилэнд буй турьгүй ногоонууд энэ хавьцаах юм л болж таарлаа. Гэвч одоогоор биотехнологийн лаборатори хараахан ашиглалтад ороогүй бөгөөд тоног төхөөрөмжийн хөрөнгө зардлыг шийдсэн тул тийм ч удахгүй юм санж. Түүнээс гадна энэхүү био лабораторид гаднын чанартай үрийг эрлийзжүүлж, манай эрс тэс уур амьсгалд ургах боломжгүй усан үзэм, гадил, алим, чавга зэрэг олон таримлыг дасан зохицуулж уургуулах туршилт судалгаа хийх ажээ.
Хойморт ойтой холбоотой шинжлэх ухааны ном, сурах бичиг, гэрэл зургийн цомгууд бүхий номын сан харагдана. Дэргэд нь зочилж ирсэн хүмүүст сонирхуулах зорилгоор голлох мод сөөгийн үрийг тус бүрд нь жижгэвтэр хайрцаг саванд хийж, монгол, англи хоёр хэлээр тайлбар бичин байрлуулжээ.
Я.Ариунзул даргын онцолж хэлснээр, олон нийтэд нээлттэй байж, танин мэдэхүйн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байгаа юм байна. “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-ийг өнгөрсөн жилийн зургадугаар сарын 22-нд нээснээс хойш хагас жилийн хугацаанд 1300 хүн зочилжээ. Эрдэнэтэд алба амины ажлаар олон цөөнөөр яваа хэн боловч ёс юм шиг эднийд ирж, хийж бүтээсэнтэй нь танилцдаг болжээ. Оюутан сурагчид, ЕБС-ийн сурагчид, тэр бүү хэл цэцэрлэгийн багачууд хүртэл зочлон, танин мэдэж, баясан хөөрдөг байна. Тэдэнд үзэж харах юм ч мундахгүй. Наад зах нь Монгол оронд ургадаг 140 зүйлийн мод, бут, сөөгийн гэрэл зураг, онцлог, тархалт нутаг, тайлбартайгаа байж байна. Танин мэдэхүйн энэ үзүүлэнг ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтдэд захиалж хийлгэжээ.
Уралдаан тэмцээнд энд тэндээс ирж оролцож буй тамирчид, чуулга уулзалт, хурал зөвлөгөөний зочид төлөөлөгчид гээд автобус дүүрэн хүн байсхийгээд л бууна. Монголчууд шинжлэх ухаанлаг улс юм, тиймдээ ч энэ төрлийн үзэж харах, сонсож дуулах мэдээллээр “цангаж” гүйцсэн нь илт.
Биднийг ажиллаж ахуйд БНСУ-ын үрийн сангийн төлөөлөгчид ирж таарав. Дэлхийд хоёрт орох асар том үр хадгалах байгууламжтай тус улсын мэргэжилтнүүд зорин байж ирсэн нь нэгийг бодогдуулна. “Холын хүнээс үг сонс” гэж, яриаг нь чагнажээ суухад тэд био лаборатори болон хөргүүрийн чиглэлээр мэргэжлийн хүмүүс явуулж, Монгол залуусыг сургаж бэлтгэхээр тохиролцож байгаа бололтой.
Солонгосчуудтай залгаад УИХ-ын нэр бүхий гишүүд хүрэлцэн ирнэ гэнэ. “Хөл дарчихаас өмнө ажлаа амжуулах минь” гэсэн шүү бодогдоно.
БОЛОМЖГҮЙГ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
“Ногоон хөгжил” төслийнхөн ноднин 15 зүйлийн мод, бутны 1372 кг үр бэлтгэснээс 800 кг-ыг өөрсдийн хүчээр түүжээ. Үлдсэнийг нь зах зээлээс худалдан авч хадгалсан байна. Харин энэ жил 2 тонныг түүхээр төлөвлөжээ. Хэн ч байсан эднийхээс үр худалдан авч, бас худалдаж болох гэнэ. Энэ жил “Бороо гоулд”, “Оюу толгой” зэрэг томоохон компаниуд эднийхээс үр авчээ. Иргэд ч найдвартай, чанартай гэж ам сайтай худалдаж авдаг байна.
Ийм их хэмжээний үр түүж бэлтгэнэ гэдэг олны хүчээр хийх ажил. Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийнхөн ШШГЕГ-ын харьяа хорих …дугаар ангитай хамтарч ажилладаг ажээ. Алдаж эндсэн хэнд ч боломж байдаг л юм байна. Хүмүүжигчид тодорхой хэмжээний цалин авахаас гадна сургалтад сууж мод тарих арга аргачлалыг эзэмшиж байна. Өнгөрсөн жил 70 хүнд мэргэжлийн үнэмлэх олгосон, ийм хүмүүс суллагдаад энгийн байгууллагад ойн мэргэжлээр ажиллаж байгаа сайн жишээ ч сонсоодхов. Зарим нь ч хувьдаа аж ахуйтай болсон дуулдана лээ.
Цонхоор харах нь ээ, тэрүүхэнд, замын цаадтай талбайд ажил оволзож, хүмүүс шоргоолж шиг бужигнаж байна. Эндэх ажлаа түр орхиод, талбай руу яваад ирдэг хэрэг. Тэнд бургас тарьж байлаа. “Бургасны” гэгддэг доктор, профессор, байгаль орчны гавьяат Д.Энхсайхан эрхэм абугай ирчихсэн, энд тэнд очиж залууст зааж зөвлөж харагдана. Мэнд мэндэж, үг солиход тэрбээр,
-Хангалын гол дагуу энэ хавар 3 сая бургас тарих ажилд зөвлөн тусалж байгаа юм. Орхон голоос мөчир авчирч, зориулалтын дагуу хадгалж байгаад энэ хавар идэвхжүүлж, одоо л хөрсөндөө суулгаж байна. Мэддэг, чаддагаа зориулалгүй яахав. Сэтгэл хөөрөөд, энэ том бүтээн байгуулалтад гар бие оролцох гэж “яараад” гэж хошигнох аястай өгүүлж байна. Залуусаас сэтгэгдэл сонсохыг горилтол болдоггүй юм байна. Харгалзагч залуу эвтэйхнээр тайлбарлаж, зураг ч авах хориотойг ойлгуулав. Нэгэнт ирснийх, буцахдаа, хүн танигдахгүй алсаас хэдэн “кадр” дарлаа.
“Ногоон хөгжил” төслийнхөн мөн Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйн 30 га газрыг ойжуулжээ. Нөгөө “алдарт” цагаан тоос гурван хуруу хэр зузаантай буусан, хөрс биш “хор” болчихсон энэ том газарт шар хуайс, хайлаас дажгүй сайхан ургаж байх юм. Тэд болохгүй юмыг болгож, цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лаг, малын бууц хэд дахин хольж байж үржил шимтэй хөрс бэлтгэж тарьжээ. Одоо алзахгүй гэнэ лээ. Дашрамд дурдахад, “Ногоон хөгжил” төслийнхөн Сэлэнгэ амралтын чиглэлд 80 км автозамын ногоон зурвас байгуулах ажлыг хийж гүйцэтгэх гэнэ. “Тарьж, ургуулах асуудалгүй, харин яаж эдийн засгийн үр ашигтай байлгах вэ?” гэж эднийхэн ярьж байна.
ЗУНААР ӨВЛИЙГ ҮЗЭХҮЙ
Талбайгаас буцаж ирлээ. Зоорь үзүүлнэ гэнэ. Гадаа 30 хэм дөхсөн халуунд байсан улс сэрүү татуулсан өндөр таазтай танхимд орж ирэв. Энэ бол хаалттай бүс. Гэвч бидний ажил үүргийн онцлогийг харгалзан нэвтрүүлэв. Хоёр ханаар хаяг бүхий том хаалгууд харагдана. Эхнийхийг таттал өвлийн жавар өөдөөс сэнгэнэв. Орж ч чадсангүй. Хөнгөн нимгэн хувцастай, удах нөхцөл алга. Гэвч тасалгаан доторхийг ажиглаадахлаа. Дөрөв, таван давхар урт эгнээ бүхий тавиур дээр уут савтай, бүгд хаяг шошготой төрөл бүрийн модны, ургуулахад бэлэн мөчрийн тайрдас харагдана. Тэрүүхнээр цасалж бэлтгэсэн үр, мөчир ч байна. Энэ бол богино хугацааны эргэлтийн зоорь ажээ. Өөрөөр хэлбэл, удахгүй тариалалт болон худалдаанд гаргах тарьц, суулгац хадгалж байгаа гэсэн үг. Харин удаан хадгалах зоорь нь 30 хэмийн хүйтэн байх юм гэсэн. 1000 жилийн ая даах үр хадгалахын тулд нарийн технологи нэвтрүүлэх шаардлагатай учир урт хугацааны зооринд хадгалах сайн чанарын үрээ арай сонгож, тогтоож амжаагүй байгаа гэнэ.
Дараагийн хаалганд өмнөхөөс арай гайгүй, сэрүүвтэр хийгээд уут савтай төрөл зүйл бүрийн үрийг тааз тултал хураасан байв. “Үрээ идэхээр үнээгээ ид” гэж, Монголчууд амны хишигтэй улс даа гэсэн шүү юм бодогдоно.
Гурав дахь хаалганд инкубатор өрөө гэсэн хаяг байв. Эсийн аргаар гаргаж авсан суулгацыг бойжуулах зорилготой гэнэ. Үр хүлээж авах тасаг, өвчин хортны шинжилгээний лаборатори, мэргэжлийн бус мань мэтийн ухаан үл хүрэх ажээ. Ямар ч байсан энэ хамт олон цоо шинэ менежментээр ажил эрхэлж, шинжлэх ухааны ололтыг чадварлаг ашиглаж байгааг мэдэж байв.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул,
-Бид хамгийн сайныг хадгалж, хамгийн сайн үрээр ойжуулж, хамгийн сайн тарьц, суулгацыг зах зээлд нийлүүлнэ гэж хэллээ. Эднийхэн зөвлөх үйлчилгээг тасралтгүй авдаг байна. “Эрдмийн ажилд насаа зориулсан эрдэмтэн мэргэдийнхээ хүчийг ашиглах хэрэгтэй шүү дээ” гэж Я.Ариунзул дарга нэмж хэлэв. “Ногоон хөгжил” төслийн хамт олон зөвхөн Монголын гэлтгүй гадаадын зөвлөх үйлчилгээг ч ашиглахаар бэлтгэж байна. Төсөл тав дахь жилээс биеэ бүрэн дааж, эдийн засгийн ашигтай болох гэнэ.
Зөв сэтгэл-Зөв менежмент
“Ногоон хөгжил” төслийн хоёр дахь нэгж нь Хөрсний иноваци технологийн “Эрдэнэт” төв юм. Ойн генетик нөөцийн төвтэйгөө төстэй хаяг, чимэглэл бүхий том байшинд үйл ажиллагаагаа хэдийнэ эхэлжээ. Мөн л адил зохион байгуулалттай, тэнд ургамал, үр, модны талаарх мэдээллийг авах бол эндээс Монгол орны хөрсний талаарх цогц мэдээлэл, ойлголттой болох аж. Танхимуудыг хараахан тохижуулж дуусаагүй байлаа. Бид чийгийн улаан хорхой ашиглан ялзмагт хөрс үйлдвэрлэж байгаатай танилцав. Нэг тонны хуванцар савнууд ирийтэл өрж, Калифорнийн чийгийн улаан хорхойг хаягдлаар тэжээн үржүүлж байна. Ноднин өвөл 3 тонн ялзмагт хөрс бэлтгэж үйлдвэрийн хаягдлын талбайн ойжуулалтад энэ хавар ашиглажээ.
“Ногоон хөгжил” төслийн нэгжийн хөрс хариуцсан инженер Гантөмөрийн Чинзориг,
-Бид гурван сарын давтамжтай бордоогоо үйлдвэрлэж байна. Хорхойгоо үйлдвэрийн ажилчдын хоолны хаягдал, оффисийн хаягдал цаас, малын бууц, үртэс, жимс, ногооны үлдэгдлээр тэжээдэг. Удахгүй 100 тоннын саванд үржүүлж, тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тэр хэрээр органик бордоо, ялзмагт хөрсний үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж ярив.
Хөрсний иноваци технологийн “Эрдэнэт” төвд микрозтой хөрс бэлтгэх юм байна. Энэ зорилгоор тусгай лаборатори байгуулах бөгөөд тоног төхөөрөмжийг суурилуулж амжаагүй байсан. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж Г.Чинзориг биднийг дагуулан өрөө тасалгаануудаа үзүүлж тайлбарласанд талархъя. “Микориз” гэдэг нь тухайн мод, бутны үндсэнд ургадаг нэгэн төрлийн ашигт мөөгөнцөр юм байна. Энгийнээр тайлбарлавал, шинэс модны үндсэнд ургадаг микоризыг лабораторийн нөхцөлд үржүүлэн ургуулж аваад мөн модны тарьц, суулгац ургуулах хөрсөнд холивол үр дүн гайхалтай сайн байх аж. Хүүхэд багачуудад зориулсан танин мэдэхүйн 34 төрлийн хөрсний монолит хийх, Монгол орны муж бүс бүрээр хөрсний бодит үзүүлэн, зүсэлтүүд бэлтгэх гээд эднийхэн дор бүрнээ ажилтай байна.
Тэгвэл уг төслийн гурав дахь нэгж нь Мод үржүүлгийн “Эрдэнэт төв” болох юм. Монголд мөн л анх удаа, 100 га газарт, орчин үеийн, бүрэн автоматжсан мод үржүүлгийн цогцолборыг Хялганат орчимд байгуулахаар эдүгээ ТЭЗҮ-г боловсруулж байгаа юм байна. Энэ цогцолбор нь жилдээ 10 сая тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай, дэргэдээ боргоцой хатаах цехтэй, үйлдвэрлэл нь танин мэдэхүйн аялал жуулчлалтайгаа хосолсон байх юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2031 он гэхэд 100 сая мод тарьж, ургуулсан байх амлалт авсан. Түүнийхээ 10 саяыг үйлдвэрийн талбайг ойжуулахад, мөн 10 сая ширхгийг Орхон аймгийн иргэдийн хашаа, гудамжинд хэмээн төлөвлөжээ. Энэ зорилгоор 1000 өрхөөр хайлаас, улиас зурваслан тариулж, дунд нь интоор, үхрийн нүд зэрэг жимс жимсгэнийн мод, зарим төрлийн хүнсний ногоо ургуулах өөр нэг төсөл боловсруулж байгаа юм. Нэг өрх 50 жимсний буттай, нэг бутнаас 4 кг жимс авна гэвэл 1000 өрх хэдий хэмжээний бүтээгдэхүүн гаргаж, тэр хэрээр хэдий хэр ашиг орлоготой байх нь ойлгомжтой. Жимс жимсгэнээ боловсруулж, ундаа шүүс, чанамал хийх жижиг үйлдвэр дагаж хөгжинө гэж тооцож байна.
Орхончууд нэг бодлын азтай улс. Хэрэв уг төсөл эцэслэн батлагдаж, хөрөнгө мөнгө нь шийдэгдвэл үр, хөрс, бордоогоор үнэгүй хангуулж, хашаагаа, цаашлаад аймгаа ногооруулах боломжтой болох юм. Уг төслийг орон нутгийн удирдлага дуртайяа хүлээн авчээ.
“Эрдэнэт” үйлдвэр 30 сая модыг говьд, мөн тооныхыг хангайд, гэхдээ дан шилмүүст модоор, үлдэх 20 саяыг Хангал голын дагуух хамгаалалтын зурваст ургуулна. Ажил хэдийнэ эхэлснийг дээр дурдсан.
Бид буцлаа. Ард оволзсон их ажил, гялалзсан их амжилт үлдлээ. “Ногоон хөгжил” төслийн арван хэдхэн хүний хүчээр ийм ихийг амжуулна гэдэг “ухаан” гэхээс яахав.
Зөв сэтгэл, зөв менежмент байвал хүний цөөн цөөддөггүй ажээ.
-
2024-11-20