Украйны цус сэлбэх төв пуужингийн цохилтод өртжээ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-08-08

Украйны Харьков муж дахь Купянск хот Бямба гаригийн шөнө Оросын пуужингийн цохилтод өртжээ. Пуужингийн цохилтод Цус сэлбэх төвийн барилга өртөж сүйдсэн бөгөөд хоёр хүн нас барж, дөрвөн хүн гэмтэв. ОХУ энэхүү дайны гэмт хэргийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Украйны ерөнхийлөгч Зеленский Цус сэлбэх төвийн барилгын зургийг цахим сүлжээндээ нийтэлсэн боловч хохирогчдын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дурдаагүй. Купянск нь 2022 оны хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлснээс хэдхэн хоногийн дараа оросуудад эзлэгдсэн хот юм. Өнгөрсөн оны есдүгээр сард Украйны сөрөг довтолгооны үеэр Купянскийг чөлөөлсөн ч өдөр бүр халдлагад өртсөөр байгаа аж.

Дээрхээс гадна Хмельницкий дэх нисэх хүчний компани руу ОХУ-ын арми халджээ. Энэхүү нисэх хүчний компанийн үйл ажиллагааг Мотор Сич групп эрхэлдэг.

Харин нөгөө талд өнгөрсөн долоо хоногт Москва дахь нэгэн оффисын барилга Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн байна. Мөн Москва руу ойртож байсан нисгэгчгүй нисэх онгоцыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн устгаж чадсан гэдгийг хотын захирагч Сергей Собянин мэдэгджээ. Энэ мэт хэд хэдэн халдлагад ОХУ-ын эрх баригчид Украиныг буруутгаж байна. Тухайлбал, өнгөрсөн Бямба гаригт Хар тэнгис дэх Оросын хөлөг онгоцыг Украины хөлөг мөргөсөн гэв. Оросын хөлгийн багт 11 хүн байжээ. Керчийн хоолойд болсон уг халдлагын улмаас танк хөлгийн хөдөлгүүрийн хэсэг эвдэрсэн байна. Түүнчлэн эх газрын Украиныг Крымтэй холбодог Чонхар гүүр Украины пуужингийн цохилтод өртсөн гэж "Риа" агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.25.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.