Д.ГАНТУЛГА: 177,5 тэрбум бол МАН-ын иргэдийн САНАЛЫГ ХУДАЛДАЖАВАХ боловсон хэлбэр
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-23

НИТХ-ын ХҮН намын төлөөлөгчид 177.5 тэрбум төгрөг зарцуулж, агаарын бохирдлыг бууруулах төслийн талаар мэдээлэл хийв. 

Тус намын дэргэдэх “Бодлого судалгааны хүрээлэн”-ээс Агаарын бохирдлыг бууруулах төслийн уралдаан зарлаж байгаа аж. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 177.5 тэрбум төгрөгөөр 2023 онд хэрэгжүүлэх боломжтой бодлогын төсөл, арга хэмжээг шалгаруулж, шийдвэр гаргах түвшинд хүргэх юм байна. Шалгарсан төсөл арга хэмжээг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д ХҮН намын бүлгээс өргөн барина.

Энэ талаар НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга "Энэхүү төслийн тухайд эрдэмтэн судлаачдынхаа саналыг нь сонсох хэрэгтэй. Бидний зүгээс агаарын бохирдлыг бууруулах төсөл шалгаруулах уралдаан зарлаж байгаа. 117.5 тэрбум төгрөгөөр хагас коксожсон нүүрс Хятадаас худалдаж авахын оронд өөр юу хийж болох талаар саналаа ирүүлэх уралдаан юм. Шинээр судалгаа хийхгүй. Харин одоо бэлэн байгаа судалгаануудыг нэгтгэж үзнэ. Яагаад гэвэл энэ хүсэлтүүд эрдэмтэн судлаачдаас их ирж байгаа. Хөндлөнгийн хараат бус хүмүүс төслийг шалгаруулна. 

Шалгарсан төслийг НИТХ-ын ХҮН намын бүлэг НИТХ-д албан ёсоор өргөн барина. 117.5 тэрбум төгрөгөөр хагас коксожсон нүүрс авна гэдэг нь бол үрэлгэн, харалган арга юм. Агаарын чанар сайжирна гэсэн ганцхан өгүүлбэртэй энэ арга хэмжээг бид зүгээр хараад сууж чадахгүй.  Энэ асуудлыг бид нухацтай авч хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын тооцооллыг олон нийтэд харуулж байгаад, хуульд заасан шаардлагын дагуу хамгийн оновчтой хувилбарыг хэрэгжүүлэх ёстой. Ийм эрх, үүрэг бид бүгдэд байгаа. Өнөөдрөөс эхлээд долоо хоногийн хугацаанд төслийн материалыг хүлээж авна. Дараагийн долоо хоногт шалгаруулалт хийнэ. Энэ бүгдийг нээлттэй явуулна" хэмээв. 

Түүнчлэн сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан хүмүүст мөнгөн шагнал олгох тухайд "Нэгдүгээр байранд дөрвөн сая, хоёрдугаар байранд хоёр сая, гуравдугаар байранд нэг сая төгрөг олгох юм. Энэ бол шагналын төлөө орох уралдаан биш. Эрдэмтэн судлаачид нийгмийн хариуцлагын хүрээнд, ирэх өвөл утаа багатай байхын тулд, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө энэхүү уралдаанд оролцоно гэж найдаж байна" гэдгийг хэллээ. 

Мөн "2024 оны сонгуулийг угтсан, асуудлыг түр зуур намжаах аргыг хэрэглэж байна. Мөнгө тараадаг байдал одоо бүр төгс болсон байна. Үнэхээр ийм өндөр дүнтэй мөнгөөр урдаас нүүрс авна гэж байгаа бол хэн нэгний шахаа юм биш үү гэсэн хардлага төрж байна. ХҮН намын зүгээс эдгээр асуудлыг олон нийтэд гаргаж тавьсан" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.200.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.