Зам, тээврийн хөгжлийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ үеэр тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, төрийн албаны тээврийн хэрэгсэлд цэнхэр дугаар олгох талаар мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтан өгөв.
Тэрбээр "Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд өнөөдрийн байдлаар 1,179,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Үүнээс 73.4% нь суудлын, 18.5% ачааны машин, автобус зүтгүүр бусад гэсэн хувийг эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 78.3% нь 10-аас дээш, 11.3% хувь долоогоос дээш жилийн насжилттай. Манай улсад байгаа тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг хоёрдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны хооронд хэрэгжүүлсэн.
Шинэчилсэн бүртгэлийн үр дүнд сүүлийн дөрвөн жилд техникийн үзлэг оношилгоонд ороогүй, таван жил татвараа төлөөгүй 204,000 гаруй тээврийн хэрэгслийг хасалт хийсэн. Ингэснээр жилдээ 12 тэрбум гаруй төгрөгийн татварын өр үүсдэг байсныг зогсоосон.
Төрийн албаны машинуудад цэнхэр дугаар олгох ажил энэ сарын 1-нээс эхэлсэн. Монгол Улсад 14,000 ширхэг төрийн албаны тээврийн хэрэгсэл байгаа. Үүнээс суудлын болон ачааны тээврийн хэрэгсэл 8,000 орчим байдаг. Харин Улаанбаатар хотод 2,000 орчим төрийн албаны тээврийн хэрэгсэл байна.
Улсын дугаарын үйлдвэрлэдэг 23 байгууллагаас цэнхэр дугаар хэвлэх үнийн санал ирүүлсэн. Хамгийн хямд нь 29,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн юм. Тиймээс төрийн албаны тээврийн хэрэгслийн цэнхэр дугаар 29,000 төгрөгөөр хэвлэгдэнэ.
Одоогоор 117 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авсан мэдээлэлтэй байна" хэмээн ярив.
-
2024-11-20