“АПУ”-ийн П.Батчимэг ахынхаа дутууг гүйцээхээр АН-ын удирдлагын багт ОРЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-30

Монголын улстөрийн хоёр гол хүчний нэг Ардчилсан нам албан ёсны ДАРГА, ТАМГА ТЭМДЭГТЭЙ болсоны дараа ийнхүү ээлжит бус их хурлаа 500 орчим хүний бүрэлдэхүүнтэй, нанчилдаантай зохион байгуулав. Угаас олон ханлиг бүлгүүдээс бүрэлдэн тогтсон учир ҮХРИЙН БӨӨР ШИГ эвлүүлж зүйсэн шинжтэй баг бүрэлдэхүүн тодрох нь хэзээнээсээ илт байв.

Парламентийн цөөнх Ардчилсан нам ямар ч гэсэн АМЬД гэдгээ батлаж, 15 дэд даргатай болов. Тус намын энэ байдлыг 15 толгойтой АТГААЛЖИН АН гэж сөргөөр дүгнэх хэсэг байгаа бол ямар эрх баригч хүчин биш хичнээн даргатай байх нь хэнд ч хамаагүй хэмээн тоох хэсэг ч байна. Тэдний хэдэн даргатай, хэдэн гишүүнтэй байх нь чухал биш. Гагцхүү ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН байх нь л нэгдүгээр асуудал. Ямартай ч МАН шиг хөшигний цаана бүх тохироогоо хийж, шүүмжилсэн бүхнийг шоронд хорихгүй зүгээр л ил цагаан үзэлцэж, ана цана хэрэлдэж фракцуудынхаа тохироог хийв. АН-ын 15 дэд дарга нь ёстой л эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй шийдвэр гаргав.

Залуучууд голдуу жагссан 15 дэд дарга дотроос арай тод гэрэлтэж буй нь “Апу”-ийн П.Батчимэг байв. 2020 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймагт нэр дэвшиж “хүчтэй урагшилна” гэж үзээд П.Сэргэлэн генералд ялагдсан. Үүнээс өмнө НИТХ-ын төлөөлөгчөөр Хан-Уул дүүргээс сонгогдон ажиллаж байсан. Түүний ах нь Ардчилсан намын лидерүүдийн нэг, нэрт улстөрч Гаваагийн Батхүү агсан байв. Удам судраараа ч, туршлага мэдлэгээрээ “зузаан”  тэрбээр ийнхүү Ардчилсан нам дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл болж удирдлагын багт нь ажиллахаар болов. Өмнө нь ажиллаж байсан салбар нь нийгэм, хүмүүнлэгийн салбар учраас намаа төлөөлөн нийгмийн амьдрал, эмэгтэйчүүд, хүний эрх, хүүхдийн эрхийн асуудалд голлон анхаарч, дуугарах болов уу гэсэн хүлээлт байна.

Тэрбээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гол төлөөлөл, нэлээд хүчтэй дэмжлэгтэй улстөрч. Басчхүү нийслэлийн хуралд суугаад үзчихсэн, нийгмийн байдал ороо бусгааг гадарлачихсан, амьдралын эрээн бараан, хатуу хөтүүг мэдэрсэн түүнд одоо улстөрийн хатуу тоглоомоор дахин тоглох туйлын их шунал, хүсэл л бий гэлтэй. АН-д шитгэсэн “АПУ”-гийн хөзөр нь П.Батчимэг дарга юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.155.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.