Би НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ БИШ! Энэ хэргийн ЖИНХЭНЭ ЭЗНИЙГ ЗААВАЛ ОЛОХ ЁСТОЙ гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-31

Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр/2023.08.30/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хурлын товыг тогтоодог журамтай. Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан холбогдсон хэргийнхээ талаар ярилаа.

Тэрбээр "Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Энэ тухай өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан.

Өнгөрсөн бүх хугацаанд эх орон, иргэдийн эрх ашгийн талд хатуу зогсож, зоригтой үйл ажиллагаа явуулсан. Үүний улмаас олон хүний эрх ашгийг хөндөж, олон дайсантай болсон байна. Олон нийтийн сүлжээгээр намайг нүүрсний хулгайч мэтээр доромжилж, гүтгэж, хангалттай харлууллаа. Энэ асуудлыг зохион байгуулалттайгаар газар авхуулж, шүүхээр шийдүүлэхээс аргагүй нөхцөлд оруулж байна гэж ойлгосон. Өнгөрсөн хугацаанд нүүрснээс гадна авлига, албан тушаалын асуудлаар шалгуулахад ямар нэгэн асуудал гараагүй. Шүүх асуудлыг шударгаар шийднэ гэж итгэж байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг тавина.

Нүүрсний хэрэг үнэн шударгаар илрээсэй. Хуулийн байгууллагууд илрүүлнэ гэдэгт итгэж, тодорхой ажлуудыг хийж байгаа гэж ойлгож байна. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг нүүрсний сонсголыг заавал явуулах хэрэгтэй. Нүүрстэй холбоотой хэргийн цаана хэн нуугдаж байгааг ил болгож, холбогдох арга хэмжээг авах ёстой гэж бодож байна. Миний хувьд энэ чиглэлээр шалгуулсан. УИХ-ын гишүүд ямар нэг эргэлзээтэй асуудал байвал шалгуулчихдаг, шүүхээр дэнслүүлчихдэг байх ёстой гэж үздэг. Хуулийн байгууллагуудын ажилд хүндэтгэлтэй хандаж байгаа.

Намайг холбогдуулсан олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, бусдыг элсүүлэх гэмт хэргийг надад хилсээр тулгасан гэж үзэж байна. Энэ нь хүнд заалт. 11 гэх хүний хэрэгтэй холбоотой зүйл юу ч байхгүй, та бүхэн харах болно.

Хөрөнгө орлогоо шалгуулсан, шүүхээр шийдүүлэхэд эсэргүүцээд байх зүйлгүй. Хуулийн байгууллагаас дуудсан цагт нь очдог байсан" хэмээн ярилаа.

"Хэрэв намайг яллавал намтайгаа, гүтгэсэн хүмүүстэй дайн зарлана гэж би хэлээгүй. Намайг харлуулж буй хүмүүсийн зохиол" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.212.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.