Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицерууд чуулж байна
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-09-11
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган” анх удаа зохион байгуулж байна.
Тус чуулганыг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд олон бүтээлч ажлыг өрнүүлж, “Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан”-ыг зарлан шилдгүүдээ тодруулсан юм. Эл уралдаан, тэмцээнд оролцох шилдэг залуу офицеруудыг шалгаруулах тэмцээнийг байгууллага бүр урьдчилан зохион байгуулж, шилдэг найман оролцогчоо шалгаруулж, оролцуулж байгаагаараа онцлогтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр нар чуулга уулзалтад оролцон, залуу офицеруудад баяр хүргэж үг хэлсэн юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтөн аж үйлдвэржилтийн шинэ эринд -тодруулбал хиймэл оюун ухаан, нанотехнологи, биотехнологи цахимжуулалт гээд үсрэнгүй хөгжлийн эрин үед дэвшин орж, улс орнууд шинжлэх ухаан технологийн эдгээр дэвшилтэт ололтуудыг үндэсний аюулгүй байдал батлан хамгаалах , мэдээлэл харилцаа холбоо,хөдөө аж ахуй,худалдаа үйлчилгээ, тээвэр ложистик гээд бүхий л салбарт асар хурдацтай нэвтрүүлж хүний нөөцөө чадавхижуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна.
Эдгээртэй зэрэгцэн цаг уурын өөрчлөлт, бүс нутаг хийгээд олон улсын хурцадмал нөхцөл, дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдал зэрэг асуудлууд асар эмзэг болж буй өнөө цаг үе,тулгарч буй сорилт бэрхшээлүүд эх орон ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд зүтгэж байгаа залуу офицерүүд та бүхнээс эрхэлсэн ажилдаа улам өндөр хариуцлагатай байх, цаг ямагт өөрийгөө хөгжүүлж,шинийг эрэлхийлэн өрсөлдөх чадвараа сайжруулах, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ёс суртахуунаа байнга дээшлүүлэх зэргээр төр түмэндээ өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлэх шаардлага хийгээд шалгуурыг улам өндөрсгөж байна.
Иймд эрхэм офицерууд Та бүхэн чуулга уулзалтаараа гадаад дотоод хүчин зүйлүүд, өөрсдийн давуу болон сул талууд,алдаа оноо, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо, ажлын гүйцэтгэл,чанар стандарт, цаашлаад далайд гарцгүй манай улсад дэлхий ертөнцтэй нээлттэй харилцах боломжийг олгож байгаа цахим харилцаа, холбоо, хиймэл оюун ухаан, шинжлэх ухаан техник, сансар судлалын ололтууд бидэнд хэрхэн эерэг хийгээд сөргөөр нөлөөлөх, улс орныхоо хөгжлийг хурдасгах, төрийн цэргийн байгууллын нөөц боломжийг нэмэгдүүлэхэд бусад улс оронтой хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, өөрсдийн дотоод нөөц болооцоог дайчлан ажиллах зэрэг чиглэлээр бодитой санал, дүгнэлт гаргаж хэрэгжүүлэх арга замууд, гарц шийдлийг сайтар ярилцаасай гэж хүсэж байна” гэлээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлалын офицер, ахмад Н.Дэлгэрмаа, мөн командлалын офицер, ахмад Г.Жавхлантөгс нарт тус бүр хоёр өрөө байрны батламж гардуулсан бол тусгай, гутгаар, дэд байрт шалгарсан залуу офицеруудад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр нар шагнал гардууллаа.
“Залуу офицеруудын чуулга уулзалт”-ыг угтаж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан Ажлын хэсэг залуу офицеруудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, урам зориг нэмэх, манлайлах, мэргэжлээрээ бахархах, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, нийгмийн идэвхийг өрнүүлэх, залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр 43 цуврал ажил, арга хэмжээ зохион байгуулжээ
Тус чуулганд Онцгой байдлын байгууллагаас 100 гаруй алба хаагч оролцож байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.218.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.