П.САЙНЗОРИГ: БӨХЧҮҮД жудагтай бай! Би БӨХИЙН ШЭЭС СОЛЬДОГГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-09-14

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээгээр нэг бөхөөс хориотой бодис илэрснийг салбар хорооноос нь мэдээлсэн.

Хэдийгээр эрх бүхий байгууллагаас тухайн тамирчны нэрийг албан ёсоор зарлаагүй боловч наадмын түрүү бөх, улсын арслан М.Бадарч өөрийн цахим хуудсандаа "Б" сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ гаргасан гэдгээ мэдэгдсэн. Мөн шинжилгээнд эргэлзэж байгаагаа ч илэрхийлсэн юм.

Энэ асуудлаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө "Допингийн шинжилгээ авах бүх процесс хууль хяналтын байгууллагын хатуу хяналт дор явагдсан. Ямар нэг байдлаар солигдох боломжгүй. Бөхчүүд өөр өөрийнхөө асуудлын хариуцлагыг хүлээж сурмаар байна. Ийм ёс зүйгүй, аль нэг байгууллагыг буруутгадаг зүйл рүү явж болохгүй. Ард иргэдийг талцуулж хуваадаг байж болохгүй.

Үнэхээр шээс сольдог асуудал байвал баримттай гаргаж ирээд ярих ёстой. Би сүүлийн хоёр жил уг асуудлыг хариуцаад явж байгаа. Одоогоор ийм зүйл байх ямар ч боломжгүй. Авлигатай Тэмцэх Газар, цагдаа, тагнуулын бүх байгууллага, Үндэсний Бөхийн Холбооны хүмүүс нь өөрсдөө допингийн шинжилгээ авахад оролцсон.

Хэдүүлээ жудагтай баймаар байна. Түрүүлж амжилтад хүрэхийн тулд янз янзын башир арга хэрэглэчхээд, энэ нь илчлэгдээд ирэхээр иргэдийг худлаа мэдээлэлд талцуулж, нутаг усаараа хуваагддаг, би л хэлмэгдэх гээд байна гэдэг энэ зүйл явахаа больсон. Үүнийгээ манай бөхчүүд, тамирчид болих хэрэгтэй, хариуцлага хүлээх хэрэгтэй. Ийм заваан байж болохгүй. Өрөвдүүлдэг, зохион байгуулалттайгаар янз янзын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацуулдаг. Бүгд ил тод байгаа" хэмээв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.104.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.