Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нариийн бичгийн даргатай уулзав
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-19

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч цөлжилт зөвхөн Монгол Улс төдийгүй Зүүн Хойд Азийн хэмжээний асуудал болж байгааг хэлээд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17)-ыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс энэ бага хуралд өндөр ач холбогдол өгч, бэлтгэлээ эртнээс хангаж байгааг хэлэв.

Өнгөрсөн онд Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо болсон НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлаас Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, байгаль орчны чиглэлээр ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улс зохион байгуулахыг дэмжин баталсан юм.

Уулзалтын үеэр цөлжилт, ойн зурвас байгуулах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хуурай, хагас хуурай бүс нутагт мод тарьж ургуулах, элсний нүүдлийг зогсоох зэрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж бодит үр дүнд хүрэх,  байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдлэг мэдээллээ солилцох чадавх бэхжүүлэх платцорм, цогц судалгааны төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлын нөлөөллийг бууруулахад ойжуулалт, нөхөн сэргээлт өндөр ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах ажлын хүрээнд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар бүх талын дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллана гэдгийг хэлэв.

Мөн Цөлжилттэй тэмцэх конвенц нь цөлжилттэй тэмцэхээс гадна газар усны доройтол, бэлчээр болон бэлчээрийн мал аж ахуйг хамгаалахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио 2024 онд Монгол Улсад айлчилна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.