Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Япон Улсын “Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ-ын ерөнхийлөгч Чиба Мицүюки тэргүүтэй эмч, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уг төслийн багийнхан нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа юм. Тодруулбал, “Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, ЖАЙКА хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 39 болон 50 дугаар сургуульд “Загвар сургуулиудад шүдний үзлэг хийх тогтолцоог нэвтрүүлэх төсөл”-ийг 2022-2025 онд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд загвар сургуулиудад шүдний үзлэгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, шүд угаах зориулалтын өрөөг тохижуулаад буй. Түүнчлэн сурагчдад жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө төслийн хамт олонд талархал илэрхийлж, “Төслийн баг Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран цаашид ямар хэлбэр, зарчмаар ажиллах саналаа нэгтгэж, төлөвлөгөөгөө гарган өгвөл нийслэлийн зүгээс бодлогоор дэмжин ажиллахад бэлэн” хэмээв.
-
2024-11-20