Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө.
Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа ард түмний төлөөлөл болсон парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд санал нэгтэй илэрхийлсэн юм.
Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид ням гарагт (2023.09.24) Монгол Улсад хүрэлцэн ирж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхэлсэн.
Түүнчлэн, даваа гарагт (2023.09.25) Төрийн ордонд болсон Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын энэхүү хурал нь зөвхөн хоёр талын улс төрийн төдийгүй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн цаг үеийн болон тулгамдсан асуудлыг авч хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг баримжааг зөв тодорхойлох чухал ач холбогдолтой талбар болох нь дамжиггүй хэмээн тэмдэглэлэлээ.
-
2024-11-20