“Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн есдүгээр сарын 28-нд эхэлнэ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-27

НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран "Улаанбаатар түншлэл-2023" олон улсын үзэсгэлэн яармагийг есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-ний хооронд “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. 48 дахь жилдээ болох гэж буй тус үзэсгэлэн яармагийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга:

-Үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус Улсаас долоо, ОХУ-аас 20 гаруй, БНХАУ-ын Ляонинь мужийн 30 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Мөн дотоодын томоохон 30 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Онцлох аж ахуйн нэгжээс дурдвал, Беларус Улсын Минск хотын сүүний шилдэг үйлдвэр, ОХУ-ын хүнсний шилдэг үйлдвэр Окинск зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд хүрэлцэн ирэх юм. Мөн аравдугаар сарын 2-ны өдөр МҮХАҮТ-д Беларус- Монголын бизнес уулзалтыг зохион байгуулна.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын Эдийн засаг, бизнес хөгжлийн хэлтсийн дарга Б.Баясгалан:

-Манай байгууллага төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн бизнес инновацыг дэмжих төсөл хөтөлбөр, олон улсын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ хүрээнд нийслэлийн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах "Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи - 2022", "Улаанбаатар түншлэл” зэрэг арга хэмжээг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулдаг. Мөн өнгөрсөн жилийн "Улаанбаатар түншлэл” үзэсгэлэнгийн үеэр нийт 1134 бизнес уулзалт болсноос 305 нь хөрөнгө оруулалтын гэрээ хийн, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Тус үзэсгэлэн яармагийн үеэр бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна ижил төрлийн бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээс харилцан туршлага судлах, бизнесээ өргөжүүлэх, хамтын ажиллагаа тэлэх боломжтой. Мөн бидний үйл ажиллагаа, үйлдвэрлэл хөгжлийн ямар шатандаа явж байгаа, олон улсын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид бизнестээ ямар инновацыг шингээж буй талаар сайн туршлага судлах боломж бий хэмээсэн юм.

Үзэсгэлэнд хүрэлцэн ирж буй 60 гаруй олон улсын аж ахуйн нэгжүүд нь

  • Хөдөө аж ахуй: Био бордоо, органик хог хаягдлыг боловсруулах бэлдмэл, ургац хураагч комбайнууд, бүх төрлийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, ачааны, зорчигч тээврийн, чиргүүлийн, тусгай техник, микроавтобус, электробус
  • Барилга: Барилгын материал, гипс хавтан, фанер, хөөс, дамжуулах хоолойн эд анги, LED гэрэлтүүлгийн үйлдвэрлэл
  • Хүнс: Жимс, жимсгэнэ, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, зөгийн үйлдвэрлэл, зэрлэг ойн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, тосны ургамлын үр тариа (маалинга, рапс)-ны бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, цөцгийн тос, мах, махан хагас боловсруулсан бүтээгдэхүүн, чихэр
  • Хөнгөн үйлдвэр: Бугын үслэг эдлэлээр хийсэн гутал, халуун хадгалах сав, гэр ахуйн хэрэгсэл
  • Эрүүл мэнд: Мал эмнэлгийн эмийн сангийн сүлжээ, байгаль нуурын давирхай гэх мэт бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.226.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.