Австралид амьдарч байгаа монголчууд эх орныхоо бүтээн байгуулалтад ажиллах сонирхол их байна
Гадны улс орныг зорих монголчууд их байгаа ч, гадаадад сурч боловсроод монголдоо ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтын салбарт ажиллах эрмэлзэлтэй залуус ч цөөнгүй байна. Улсын их хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн эдгээр өдрүүдэд Авсрали улсад ажлын айлчлал хийж байна. Энэ үеэр Авсралид барилга, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөлтэй уулзлаа.
Ажил амьдралын орчин нөхцлөө өөрчлөх, үр хүүхдийнхээ ирээдүйг бодож, сурч боловсрохоор гээд олон зорилгоор тэд гадны улсыг зорьж байгаа. Гэхдээ Австрали улсаас шинэ техник технологи нэвтрүүлэх, монголынхоо хөгжил дэвшилд өөрсдийн хүч хөдөлмөрөө зориулж ажиллах сонирхол их байгаагаа уулзалтын үеэр онцолж байлаа.
Тодруулж хэлбэл метро, түргэн галт тэрэгний бүтээн байгуулалтын хяналтын инженер С.Золбаяр тус улсад мэргэжлээрээ 4 жил ажилласан. Цаашдаа Монголд метро баригдах төсөл хэрэгжвэл ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн.
Мөн барилгын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургалтын “Career go training” компани үйл ажиллагаа явуулж байна. Тэд Монголчууддаа монгол хэл дээр мэргэжил эзэмшүүлж, сертификат олгож, ажилд зуучилдаг байна.
Энэ зэрэг Австрали Улсад Монголоос 13100 гаруй иргэн сурч, хөдөлмөрлөж амьдарч байна. Тус улсын хууль тогтоомжийн дагуу өөрсдийн компани, аж ахуйн нэгж байгуулан ажиллаж байгаа компаниуд багагүй байна. Тэдний 80 гаруй хувь нь барилга, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байгаа аж. Авсрали улсад сүүлийн жилүүдэд баригдаж байгаа 100 гаруй барилгын бүтээн байгуулалтад монголын компаниуд оролцжээ.
Өөрсдийн үзэж харсан туршлага, хийж бүтээсэн бүтээн байгуулалтуудаа танилцуулах, санал солилцох зорилготой 40 орчим залуу энэхүү уулзалтад ирж оролцлоо. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн уулзалтад оролцсон залууст хандаж хэлсэн үгэндээ “Та бүхнээрээ бахархаж байна. Энд ажиллаж байгаа залуус бүгд л эх орноо хөгжүүлэх зорилготой гэдгийг ойлголоо. Нэгдмэл байж чадаж байна. Тиймээс та бүхэн минь чадхаараа сурч мэдэж эх орондоо ихийг бүтээгээрэй” гэж хүслээ.
Ташрамд дуулгахад, 2023 оны Барилгын шилдэг аж ахуйн нэгжийн нэгээр Австрали улсад үйл ажиллагаа явуулж байгаа “Мон профейшнл” ХХК шалгарсан. Уулзалтын үеэр “Шилдэг аж ахуйн нэгж”-ийн шагналыг компанийн захирал С.Гончигсумлаад гардуулан өгч, баяр хүргэлээ. Мөн олон жил барилгын салбарт тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхмүүдийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Барилга хот байгуулалтын яамны жуух” тэргүүний барилгачин цол тэмдэгээр шагнаж, цаашдын ажил амьдралд нь, их үйлсийг хийж бүтээх гэсэн итгэлд нь урам өгч, Монголдоо ирж хийж бүтээгээрэй хэмээн итгэл өвөрлүүлэн амжилт хүссэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.19.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20