Дорноговь аймгийн Сайншанд суманд хичээлдээ явахаар гэрээсээ гараад эргэж ирээгүй, сураг тасарсан охиныг эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Охиныг оллоо гэх ташаа мэдээлэл цагдаагийн байгууллагын цахим хуудаст нийтлэгдэж иргэдийг төөрөгдүүлсэн. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны админ эрхтэй алба хаагч “У” нь тус албаны цахим хуудаст ташаа мэдээлэл оруулсанд хүлцэл өчье. Сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг бүхий л түвшинд төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэй үргэлжлүүлж байна. Эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсье" гэв.
Дорноговь телевиз DTV-ийн мэдээлснээр эрэн хайх ажиллагаанд ОБЕГ-аас Мандах сум руу нисдэг тэрэгтэй, эрэн хайх баг явжээ. Одоогоор охиныг хайх ажилд 700 гаруй хүн оролцож байгаа аж. Дээрх хэрэгт холбогдуулан “Г” гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгаж, охиныг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, хүүхдийн эрхтэй холбоотой эмзэг асуудал тул олон нийтийн цахим сүлжээнд Хүүхдийн эрхийн тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн мэдрэмжтэй хандахыг зөвлөж байна.
-
2024-11-20