Монголын эдийн засгийг урагш хөтлөх уул уурхайн салбарын “Mining Week-2023” үргэлжилж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэ жилийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байгаа.
Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг эзлэх уул уурхай, олборлох салбарт хариуцлага хамгийн ихээр яригдаж ирсэн. Тиймээс өнөө жилийн нэгдсэн арга хэмжээ хөрөнгө оруулалтаас гадна хариуцлагатай, ил тод, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн уул уурхайн бодлогыг эхний өдрөө хэлэлцлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар олборлолтоос боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалт бүхий л шатанд дээрх алтан зарчим биелэлээ олж, байгаль орчин-нийгэм-засаглалын зарчимд нийцэх ёстойг чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн.
Өнөөдрийн чуулга уулзалтаар “Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар” сэдвээр Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл эхний илтгэлийг хэлэлцүүлсэн бол “Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчин”-ы талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ удаах илтгэлийг хөрөнгө оруулагчдад хүргэсэн юм.
Уул уурхай, олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт нэгдэж, нийт 680 сая ширхэг мод тарих амлалт өгсөн. Тус хөтөлбөрийн хүрээнд, 2022 онд 14.2 сая ширхэг мод тариад байгаагаас аймаг, нийслэл 12.1 сая ширхэг, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 2.1 сая ширхэг мод тариад байна.
Энэ онд 42.9 сая ширхэг модыг тарихаар төлөвлөж байгаагаас аймаг, нийслэл 33.8 сая ширхэг, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 9.1 сая ширхэг мод тарих юм.
Хот байгуулалт талаас авч үзвэл, Өмнөговь аймгийн Ханбогд сумыг 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хот болгох ажил эхэлсэн.
Уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлах олон улсын санаачилга, алхмууд уул уурхайг ч тойрсонгүй. Учир нь тус салбарын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө асар их. Тиймээс хамтдаа асуудлаа шийдэх, гарц хайх сонголтын өмнө тулж ирээд байна. Энэ утгаараа тэд өнөөдрийн ногоон шилжилтийн гол зүтгүүр байх нь.
Олборлолт явуулсан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгээд зогсохгүй ногоон хөгжилд уул уурхайн компаниуд манлайлах цаг болсныг энэ удаагийн чуулга уулзалт хөндсөн юм. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгах хүрээнд эрчим хүчний зарцуулалтыг бууруулах, ус ашиглалтыг хэмнэх технологийн шийдэл, санал санаачилга хамгаас чухалд тооцогдож байна.
Тэрчлэн компаниуд үйл ажиллагааны стратегиа хариуцлагатай уул уурхайн зарчимтай уялдуулан шинэчлэх, уламжлалт арга барил, нийтлэг байдлаа эргэн харах, байгаль орчны далайцтай бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатайг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд онцоллоо.
Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэрч орхигдсон 8000 га газар нөхөн сэргэхээс 6250 га-д техникийн, 2086 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.
Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 2022 онд 51.5 тэрбум төгрөг төвлөрч, үүнээс 46.3 тэрбум төгрөг буюу 90 хувь нь уул уурхайн салбараас төвлөрч байна.
-
2024-11-20