ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Энэхүү уулзалт семинарын нээлтэд хэлсэн үгэндээ, Монгол Улсад гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо давтамж, эрчим буурахгүй, цаашид уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, газар ашиглалт, хот суурин газрын хэт төвлөрөл зэрэг олон хүчин зүйлээс хамааран болзошгүй гамшгийн эрсдэл улам нэмэгдэх хандлагатай байна.
Иймд бид гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр Онцгой байдлын байгууллага болон бүх оролцогч талуудын чадавхыг улам нэмэгдүүлэн, бэхжүүлэх шаардлага тулгарч байгаа нь энэхүү үнэлгээ хийх үндэслэлийн нэг болно. Түүнчлэн тус үнэлгээ нь Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нэн тэргүүний асуудлыг тодорхойлж, гамшгийг даван туулах чадавхтай улсыг бий болгохын төлөө чиглүүлэх өндөр ач холбогдолтой гэж харж байна” хэмээн онцоллоо.
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нийгэм, эдийн засагт шууд болон шууд бус байдлаар учирч буй хохирлын хэмжээг бууруулах нь улс орон, ард иргэдийн аюулгүй байдал, хөгжлийн тогтвортой байдлыг хангах үндэслэл болно.
Иймд Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсад гамшгаас хамгаалах тогтолцоог сайжруулахын тулд эрхзүй, бодлогын орчноо сайжруулан, чадавхаа нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга нь гамшгаас хамгаалах салбарт олон шинэ, эерэг өөрчлөлтийг авчирсан. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг Монгол Улсын “Алсын хараа – 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгаж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад дунд хугацааны стратегийг 2030 он хүртэл хэрэгжүүлж байна.
Хэдийгээр гамшгаас хамгаалах салбарт ахиц дэвшил гарч байгаа хэдий ч үйл ажиллагаа, зохицуулалтаа улам бүр сайжруулах шаардлагатай.
Энэ хүрээнд үндэсний болон орон нутаг, салбарын хэмжээнд чадавхыг бэхжүүлэх чиглэлээр, олсон ололт амжилт, учирч буй хүндрэл бэрхшээл, цаашдын арга хэмжээг тодорхойлох, шаардлагатай хөрөнгө оруулалтыг аль салбарт хандуулах зэрэгт тусламж дэмжлэг үзүүлэх асуудлыг тодорхойлох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын КАДРИ түншлэлийн баг Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхын үнэлгээг хийж байгаа юм. Өнөөдрийн энэхүү уулзалт семинарт холбогдох яам, агентлаг, олон улсын байгууллагын нийт 70 орчим төлөөлөл оролцож санал бодлоо солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2024-11-20