Онцгой байдлын байгууллагаас 100 гаруй алба хаагч оролцож, залуу офицеруудын нийгмийн асуудал, манлайлал, цаашдын хөгжлийн талаарх судалгааны дүн, эрдэм шинжилгээний хурал болон дэд чуулганаас гарсан санал, дүгнэлтийг хэлэлцсэнээс гадна спортын олон төрлийн тэмцээнд оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг залуу офицеруудыг дэмжих жил болгон зарлаж, энэ хүрээнд залуу алба хаагчдад чиглэсэн олон ажлыг зохион байгуулсан юм. Залуу офицеруудын чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлэхдээ, “Залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь нэгдсэн бодлогоор шийдвэрлэдэг байх ёстой” хэмээн онцлоод, удирдлагын манлайлал, хамт олны уур амьсгал, ажиллах орчин нөхцөл чухал бөгөөд шударга, ил тод, шатлан дэвших зарчимд тулгуурласан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхийг удирдах бүрэлдэхүүнд анхаарууллаа.
Залуу офицеруудын чуулганыг угтсан олон бүтээлч ажлын нэг нь “Шилдэг залуу офицер” шалгаруулах уралдаан байсан. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 80 офицероос цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, илтгэх ур чадвар, буудлага, сэтгэл хөдлөлөө удирдах болон багаар ажиллах чадвар, бие бялдрын бэлтгэлжилт төрлөөр өрсөлдөж шилдгээр шалгарсан залууст энэ үеэр хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгөв. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын Шилдэг эмэгтэй офицероор ЗХЖШ-ын мэргэжилтэн, ахмад Н.Дэлгэрмаа, Шилдэг эрэгтэй офицероор ЗХЖШ-ын мэргэжилтэн, ахмад Г.Жавхлантөгс нар шалгарсан юм.
Тус чуулганыг цаашид хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс чиглэл болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2024-11-20