Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийнэ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-11
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийнэ.

Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэлд мэдээлэл өгч, уулзалт хийнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын Засаг дарга Анн Идалго нар бараалхана.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд зургаан сарын хугацаанд дэлгэгдэх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг нээнэ. Мөн Парис хотын Версалийн ордны Хааны театрт болох Морин хуурын чуулгын тоглолт, Монгол-Францын бизнесийн форум зэрэг арга хэмжээнд тус тус оролцохоор төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Энэ айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.76.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.