ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Турк улсад ажлын айлчлал хийж байна
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-09-05
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд найрамдах Турк улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд БНТУ-ын Истанбул хотноо зохион байгуулагдаж буй Гал унтраах техникийн олон төрөлт спортын 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Онцгой байдлын байгууллагын баг тамирчидтай уулзаж, амжилт хүслээ.

Мөн БНТУ-ын Истанбул дахь Ойн газрын дарга ноён Желал Пиртэй уулзаж, хоёр талын ойн түймрийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Ойн газар нь, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх болон ой, ойн нөөцийг хамгаалах үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Тус улсын нийт газар нутгийн 30 хувийг ой эзэлдэг бөгөөд сүүлийн 30 жилд ойн санг гурван сая га-р нэмэгдүүлжээ. Истанбул бүс нутагт жилд 150 гаруй ойн гал түймэр гардаг бөгөөд түймэртэй тэмцэх ажилд үндсэн бүрэлдэхүүнээс гадна 3378 бэлтгэгдсэн сайн дурын хүчин үүрэг гүйцэтгэдэг юм байна.

Түүнчлэн БНТУ-ын Гамшиг, онцгой байдлын удирдлагын ерөнхий газрын төлөөлөлтэй уулзаж,  Онцгой байдлын ажиллагааны шуурхай удирдлагын төв, Мэдээллийн удирдлага, ажиллагааны төв болон Газар хөдлөлтийн ажиглалт, үнэлгээний төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Өнгөрсөн хоёрдугаар сард  болсон газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд Монгол Улсын Онцгой байдлын албаны эрэн хайх, аврах баг болон эмнэлгийн багийг илгээсэнд Туркийн талаас талархал илэрхийллээ. Талууд 2018 онд байгуулсан гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулахын зэрэгцээ, газар хөдлөлтийн аюулыг бууруулах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.117.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.