Дэлхий нийтэд ӨВЧЛӨЛИЙН 5.1 хувь нь АРХИНААС шууд хамааралтай гэсэн судалгаа гарсан
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлхүийн санаачилсан “Эрүүл моннгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах нь” салбар дундын  хэлэлцүүлгийг өнөөдөр /2023-10-09/ Төрийн ордонд зохион байгууллаа.



Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг болон Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд болон ХЗДХЯ, ТЕГ, ГЕГ, НЭМҮТ, ЦЕГ-ын холбогдох албаныхан оролцсон.


Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигийн хэрэгжилтийн тоймыг Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан танилцуулсан. Тэрбээр зарлигийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнгөрсөн онтой харьцуулахад архи, согтууруулах ундааны борлуулалт 12,5 хувиар, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчил 15,8 хувиар буурсан үзүүлэлт гарсныг онцлон дурдаад “Бид өвчилсний дараа нь оношлох, эмчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Түүний хор уршгаар жил ирэх тусам бүх төрлийн өвчлөл нэмэгдсэн. “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний үйл ажиллагаа нь иргэдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд чиглэж байна.

Судалгаанаас үзэхэд  монгол хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл нь архи, согтууруулах ундаа юм. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч, зохих арга хэмжээг авч ажиллаж байна” гээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санг байгуулсан талаар танилцуулсан.



Уг хуулийн 213 дугаар зүйлд зааснаар тус сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай юм.  Онцгой албан татварын тухай хуулийн 6.11-д заасны дагуу ногдуулан хураасан татварын орлогын гүйцэтгэлээс татвар ногдсон согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд тус санд оны эхний зургаан сарын байдлаар 14,6 сая литр согтууруулах ундаа борлуулсан орлогоос 4.3 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан тухай мэдээллийн Т.Мөнхсайхан зөвлөх өгсөн.



Хэлэлцүүлэгт оролцсон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте  “Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь Нийгмийн эрүүл мэндийн хувьд томоохон асуудал бөгөөд дэлхий даяар үүнээс шалтгаалан гурван сая хүн нас барж, олон сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, эрүүл мэндийн доройтолд орж байна” гээд дэлхий нийтэд өвчлөлийн 5.1 хувь нь архинаас шууд хамааралтай гэсэн судалгаа гарсныг хэлж байлаа. Түүнчлэн Монгол Улсад 270 хүн тутамд архи, согтууруулах ундаа борлуулах нэг цэг ногдож байгаа нь  дэлхийд маш дээгүүрт орох үзүүлэлт. Тиймээс шинээр гарсан хууль тогтоомж, “Эрүүл монгол хүн” хөтөлбөрөөр дамжуулан энэ тоон үзүүлэлтийг бууруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.  



Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад сүүлийн таван жилд согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэл тасралтгүй нэмэгдсэн байдгийг “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан”-ын үйл ажиллагаа” илтгэлийг тавьсан Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа дурдсан.



Энэ удаагийн хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга  Д.Баярболд “Согтууруулах ундааны эрүүл мэнд, нийгмийн хор хөнөөлийг бууруулах чиглэлд Эрүүл мэндийг дэмжих сангаас сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа”, Татварын ерөнхий газрын татвар хураалтын удирдлага арга зүйн газрын дарга Р.Мягмаржав “Согтууруулах ундаанд ногдуулах орлогын албан татвар, борлуулалт”, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Оростогоо “Архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг, зөрчил /харьцуулсан судалгаа”, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн ерөнхий захирал В.Баярмаа “Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, донтох эмгэгийн үеийн тусламж үйлчилгээ”, Гаалийн ерөнхий газрын  хяналт бүрдүүлэлтийн газрын гаалийн улсын байцаагч  Л.Амартүвшин “Импорт, экспортын  согтууруулах ундааны биет хэмжээ, өөрчлөлтийн төлөв”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Исгэлтийн үйлдвэрлэл, хангамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл “Монгол Улсын исгэлтийн салбарын өнөөгийн байдал, үйлдвэрлэл” илтгэлийг тавьж Ерөнхийлөгчийн Тамгын газрын  “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл хийлээ.



Хэлэлцүүлэгт оролцогчид архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах талаар байр сууриа илэрхийлж, тодорхой санал санаачилга гаргаж байлаа. Наркологийн эмнэлгийн дарга Д.Ганбат “Манай байгууллагад жилдээ 2500-3000 хүн эмчилгээ хийлгэдэг. Хэлэлцүүлгээр эмчилгээний чанар, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зэрэг олон асуудал яригдаж байна. Бид өнгөрсөн жил  Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Итгэл” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ жил 900 иргэнийг хамруулан зохион байгуулахаар ажиллаж байна. Архи согтууруулах ундаатай холбоотой асуудалд маш олон байгууллага хамтарсан бодлого боловсруулж  байж үр дүнд хүрдэг.  Түүнчлэн манай улсад мансуурлын мэргэшсэн мэргэжилтэн байхгүй” хэмээсэн юм.



Согтууруулах ундааны борлуулалтын хувьд 2022 оны эхний хагаст 16,8 сая  литр, харин 2023 оны мөн үед 14,6 сая литр болж, архины худалдан авалт 2.2 сая литрээр багассан эерэг өөрчлөлт гарсан. Үүнийг өргөн хэрэглэдэг 0.5 литрээр тооцож үзвэл 4.4 сая шил архи хэрэглэхээс зайлсхийсэн, насанд хүрсэн нэг хүнд ноогдох архи 2 шил архиар багассан гэж үзэж болно. Мөн импортолсон согтууруулах ундааны хэмжээ 150 мянган литрээр багассан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан нь  Монгол Улсад анх удаа архи, согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлт гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.89.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.