АВРАХ АЛБАНД НЯРАВ, НЯГТЛАНГААС БУСДЫГ НЬ ХИЙСЭН
Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулууны нэг Иргэний хамгаалалтын газраас ажлын гараагаа эхлүүлж, улмаар 1998 оноос 2022 оны аравдугаар сар хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Шинэ цэргээс удирдах албан тушаалтан хийх хүртлээ нярав, нягтлангаас бусдыг нь хийсэн байна. Өөрөөр хэлбэл усчин, химичин, шүхэрчин аврагч, бүлгийн, салбарын, отрядын, штабын дарга гээд бүх л албан тушаалыг хашсан. Би онгирох дургүй л дээ. Гэхдээ аврагч болохоор шинэхэн залуучууд орж ирэхэд ахынх нь оронд ах, аавынх нь оронд аав болж явсан жирийн нэг л иргэн. Залуус маань талархснаа хэлдэг л юм. Анх аврагч болж байхад ах нар өөрсдийн олон ч туршлагаас хуваалцаж, хөдөө, хээр явахад өвс, ургамлын өвчин анагаах ид шидийн талаар хүртэл хэлж өгдөг байлаа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор тэр өвсийг нь зажлахаар үнэхээр л эдгэчхэж байгаа юм шиг болдог. Энэ олон жил аврах ажиллагаа зохион байгуулахдаа ямар ч осол авааргүй, аврагчдаа эсэн мэнд авчирсан минь миний бахархал хэмээн хуучилна.
Тэрбээр Иргэний хамгаалалтын салбараас анхны “Шударга журам” медалийг 2002 онд хүртэж байжээ. Тухайн үед эхнэртэйгээ муудалцсан нэг залуу амиа хорлоно гээд бохирын цэвэрлэх байгууламжид орох гэж байхад нь аварсан аж. “Хүмүүс баас, шээсэнд сэлсэн л гэдэг юм. Би тэрийг тоогоогүй, тэнд байгаа хүний амийг аврах л чухал байлаа. Тэгэхэд залуу ч байж. Мөн нэг сонин үйл явдал болсон нь 2011 оны нэгдүгээр сарын 26-нд “East” төвд гарсан галыг очиж унтраасан. Тус төвийн ресторанд 2008 онд би хуримаа хийж байсан бол гал гарсан тэр өдөр миний төрсөн өдөр таарсан юм. Манай залуучууд бялуу үлээлгээд бид оройн хоолоо идэх гээд сууж байхад хонх дуугараад л галын дуудлагад гарсан нь энэ” хэмээн тайлбарлана.
ГУРВАН ОСЛООС АМЬД ҮЛДСЭН НЬ
Би өөрийгөө “Ми-8” онгоцны гурван ослоос амьд үлдсэн гэж боддог. Тухайн осолдсон онгоцонд сууж яваагүй ч яг тэнд хамт байх боломжтой байсан учраас тэр. Эхнийх нь, 2001 оны нэгдүгээр сард Увс аймгийн Малчин суманд болдог осол. Тэр үед Ш.Отгонбилэг сайд, хурандаа Д.Намсрай дарга нар хамт явсан юм. Уг нь тэд хоёр аврагч хамт авч явна гэж байлаа. Тэгтэл Ц.Тогоо хурандаа “Аврагч нар авч явахгүй. Олон хүн суухаар онгоцондоо багтахгүй” гээд бид үлдчихсэн юм. Хамт явах хоёр аврагчийн нэг нь би байсан болохоор “явуулахгүй” гэхэд нь ундууцаж л байлаа. Манай шүхрийнхэн чинь онгоцонд суугаад хөөрөх дуртай улс. Үнэхээр тэр онгоцоор явчихмаар л байсан. Тэгээд хамт явахааргүй болоод ажил дээр эргээд ирэхэд Цогтбаатар дарга “Та хоёр яваагүй юм бол жижүүрт гар” гэдэг юм. Тэгтэл тэр орой нь онгоц сүйрчихсэн. Тэгэхээр чинь “Бурхан намайг дээрээс хараа юм болов уу” гэж боддог юм билээ. Дараагийнх нь 2003 оны осол. Тэр үед аймгуудын шүхэрчдийн нэгдсэн буулт болох гэж байсан юм. Шүхрийн хамт 28 шүхэрчин авч явсан онгоц дөнгөж газраас хөөрөөд л доошоо шууд унасан. Тухайн онгоц далавчгүй, шулуун хөдөлгүүртэй болохоор тэгж унасан байх. Хэрэв тэр онгоц дээшээ хөөрсөн бол бас хэцүүдэх байсан шүү. Сүүлийнх нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу түймэр унтраахаар явсан нөхдийн минь осол. Тэр үед бид Тэрэлжид цуг үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Би эхэлж хүмүүсээ авч буугаад багийнхнаа тараачихсан байлаа. Нөгөө хэд маань хойноос бууж байсан. Тэгэхэд орлогч дарга Д.Батсайхан руу Ерөнхий газраас утасдаад “Танайх хэдэн шүхэрчинтэй вэ?” гэхээр нь “Манайх 14 шүхэрчинтэй” гэж. Тэгтэл нь “Аврагчдаа бэлэн байлгаж бай. Түймэрт авч явна” гэсэн юм билээ. Тэгэхээр нь “Манайх сая хүмүүсээ тараачихлаа” гэсэн чинь “Хэн та нарыг тараа гэсэн юм!” гээд арга хэмжээ авахаар боллоо. Тэр үед хойно үлдсэн аврагчид маань орж ирж таараад Сэлэнгийн түймэрт шууд явсан даа. Бид чинь тушаалаар л үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид шүү дээ.
БЭЛТГЭЛ БЭЛТГЭЛЭЭС СЭТГЭЛ ЗҮЙН БЭЛТГЭЛ АМИН ЧУХАЛ
Аврах ажиллагаанд ороход хүнд хэцүү юм маш их тохиолдоно, шантрах үе ч таарна. Ер нь Онцгой байдлын албыг хүмүүс кинон дээр гардаг шиг гоёор төсөөлдөг. Кино нэг өөр, амьдрал нэг өөр. Мэдэхгүй, чадахгүй юм их гарна. Эхний жилдээ мэдэхгүй, хоёрдахь жилдээ ч мэдэхгүй. Гурав дахь жилээсээ л сая нэг дадлагажиж эхэлдэг. Том том аврах ажиллагаанд оролцож, олон сайхан хамт олонтой болсон байна. Тэр бүрээс хүний амийг аварч чадахгүй үлдэх үед л шантарчих гээд байдаг юм. Энэ үнэхээр хэцүү. 2007 онд түймэр унтраахаар яваад осолдсон нөхдөө аврахаар очих үнэхээр хүнд байсан. Хамтдаа инээлдэж хөхрөлдөөд явсан тэр өдөртөө л зарим нь тушаал авч нисээд осолдсон гэхээр маш харамсалтай. Тийм болохоор аврагчийн сэтгэл зүйн бэлтгэл юу юунаас илүү чухал. Хүн би тэнд заавал хүрнэ гэж бодоод зүтгэвэл хүрдэг шүү дээ. Гэтэл хамт ажиллаж байсан таньдаг мэддэг хүнээ аврахаар очиход аврагчийн сэтгэл зүй маш их нурдаг. Харин танихгүй хүн байсан бол “Би аварна” гээд л дайрна шүү дээ. Үнэнхүү урам зоригоор дийлдэж ирээд аврах төлөвлөгөөгөө, үйлдэл бүрээ дотроо бодоод ажилладаг. Харин мөр зэрэгцэн ажиллаж явсан хэд дээрээ очиход үнэхээр халширсан. Албанаасаа шантардаг юм билээ. 2007 оны тэр осол болоход би бүлгийн дарга байсан.
ШҮХЭРЧИН АВРАГЧААС УСЧИН АВРАГЧ БОЛСОН НЬ
Би уг нь шүхрийн десантчин мэргэжлээр төгссөн. Манай үндсэн анги анх НАХЯ-ны харьяа Түймрийг агаараас эсэргүүцэн хамгаалах алба гэж байсан юм. Бид хэд шүхрээ бэлдээд байж байна. Шуудангийн онгоцноос түймэр гарч байгаа газрын газар зүйн огтлолцолын цэгийг зааж өгөхөд бид тэнд ажилладаг, өдөртөө нэг түймэр лав унтраадаг байлаа. Тэгсэн биднийг, гал сөнөөгчдийг галынхантай нь нэгтгэнэ гээд ОБЕГ-т харьяалуулсан. Тэгээд л хийх ажилгүй шахам болсон биднийг дахиад Улаанбаатар хотыг гамшгаас хамгаалах, байгалийн гамшигтай тэмцэх анги болголоо. Тэр нь үер ус, автамашины осол, ахуйн осол гээд бүх төрлийн л дуудлагаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн гэсэн үг. Ингээд л би анхны усчингуудын нэг болсон доо.
БИЕДЭЭ СПИРТ ТҮРХЭЖ МЭДРЭЛИЙН ЭСЭЭ ТҮР ҮХҮҮЛЭЭД УСАНД ШУМБАДАГ БАЙЛАА
Одооны хүүхдүүд бол аврах ажиллагааанд шаардлагатай мэдээллийг интернэтээс хайгаад үзчихэж байна. Бидний хэдэн анхны усчид бол ном, гарын авлага үзээд, гадаад дотоодын сургалтад явж үзсэн харснаа хэрэгжүүлээд явдаг байлаа. Нэг ёсондоо бидэнд багш байсангүй. Аврах ажиллагааны сургууль төгссөн болохоор хар практикаараа л үүргээ гүйцэтгэнэ. Үнэнийг хэлэхэд бид тухайн үед хоёр хүний ногоон завиар аврах ажиллагаанд явдаг байв. Болоогүй бас тэрийгээ амаараа хийлнэ. Амаараа хийлж хийлж босоод ирэхэд толгой эргээд л явчихна шүү дээ. Хоёр хүний тэр завиараа зургуулаа явдаг. Нэг бүлэг зургаан хүний бүрэлдэхүүнтэй учраас тэр. Тэгээд усанд гайгүй сэлдэг мань хэд шиг нөхөд нь завинаасаа зүүгдээд живчихгүйхэн шиг явна даа. Аврах хантааз нь Оросынх, зориулалтын бус. За тэгээд зориулалтын усны хувцас бол бүр байхгүй. Турсиктэйгээ л ус руу орно доо. Арай нэг чадалтай чансаатай нь бассейнд зүүдэг нүдний шилтэй. Тэр шил чинь аврагчдын зориулалтын шил биш шүү дээ. Ингээд л шууд ус руу орно. Тэг болон түүнээс бага хэмийн хүйтэн усанд орохоор хүний нүдэнд цагаа тогтдог юм. Хамгаалалтын хувцасгүй болохоор эрэгтэй хүний төмсөг хамгийн түрүүнд хөлддөг. Тэгэхээр спиртээр биеэ арчаад, зуу татаад л ус руу орно. Заримдаа ургамлын тос, өөхөн тос биедээ түрхэнэ. Тэгэхээр ус тогтдоггүй юм. Ямар сайндаа тийм хар практикаар явсаар байгаад бид пад хар царайтай болохов дээ. Дээрээс нь аврах ажиллагаанд улирал гэж байдаггүй. Өвөл мөс цөмрөөд хүмүүс усанд осолдвол биеэ спиртээр арчиж, мэдрэлийн эсээ түр зуур үхүүлээд усанд шумбадаг байлаа. Одоо бол усчин аврагчид хамгаалалтын хэрэгсэлтэй, чанартай завьтай болжээ. Тэр үед завь олно, зөв завь сонгоно гэдэг ч амаргүй даваа. Учир нь, улс орон бүрийн цаг уур өөр байдаг. Тийм болохоор ижил цаг ууртай газраас завь авах хэрэгтэй байдаг. Бид тэр үед ёстой л цаана нь хүний амь бий гэж бодоод аль чадахаараа зүтгэдэг байж дээ.
ӨӨР ӨӨР САНААТАЙ ХҮМҮҮС НЭГ БАГ БОЛБОЛ ӨӨРСДИЙГӨӨ АВРУУЛАХАД ХҮРНЭ…
Аврагчид 24 цагийн турш үүрэг гүйцэтгэдэг. Тэр 24 цагт юу ч болж болно. Тэгэхэд ар гэр гэдэгт ямар нэг юм болж байвал хэцүү. Бидний залууд бүгдийнх нь үр хүүхэд нялх нойтон байж. Амьдрал нь тэгширсэн, сургууль соёлоо төгссөн том хүүхэдтэй алба хаагч байсангүй. Тийм үед удирдагч хүн алба хаагчдынхаа сэтгэл зүйг мэдрэх маш чухал. Амьдрал л юм чинь эхнэртэйгээ хэрэлдчихээд ирсэн хүн ч байна. Тийм залуу хүн аврах ажиллаагаанд явбал сэтгэл санаа нь тогтдоггүй юм. Эхнэр минь яаж байгаа бол, хүүхэд минь өвдөж байгаа болов уу гээд бодоод явахаар мэддэг юмаа мэдэхээ байгаад, сандраад эхэлдэг. Байнга хэрэглэдэг багажаа хаана байгааг олохгүй хайгаад эхлэхээр л андашгүй. Тийм болохоор аврах ажиллагааг удирдаж байгаа хүн бүгдийг мэдэж, залуустаа аав нь, ах нь болж явах ёстой байдаг юм. Дуудлаганд явж ирээд дуудлагын ярилцлага гэж хийдэг. Тэгэхдээ л тэр бүрийг ярилцана шүү дээ. “За, ийм дуудлаганд анх удаагаа явсан уу. Энэ чамд туршлага боллоо”, “Чи ийм алдаа гаргаж байсан, яагаад тэгсэн бэ. Ямар нэг асуудал гарсан уу?” гэхчлэн ярилцана. Дараа нь заримтай нь хувийн ярилцлага хийнэ. Гэр бүлд нь юу болоод байна, хувийн амьдралд нь юу тохиолдоод байна, тэр бүрийг сонсож сэтгэл зүйг нь бэлтгэнэ. Аврагчид нэг санаатай байж нэг аврах ажиллагаанд орно. Түүнээс биш тал талын санаатай хүмүүс нэгдвэл өөрсдийгөө авруулахад хүрнэ. Тийм болохоор бүлгийн дарга, удирдах албан тушаалтнууд аврах ажиллагаанд бүрэн гаршсан байх ёстой. Мөн аврагчдынхаа сэтгэл зүй, хувийн байдлыг мэддэг байх учиртай.
ДӨРВӨН ГЕНЕРАЛ ЯАГААД ЁСЛОВ…
Би 37 настайдаа Олон улсын иргэний хамгаалалтын хамгийн залуу баатар болж байлаа. Тэр шагналыг нэг их үнэлдэггүй явж байгаад ОХУ-ын Онцгой байдлын яамны дэргэдэх Иргэний хамгаалалтын академид хоёр жил сурахдаа л мэдэж авсан. Яасан гэхээр, надаас шалгалт авч байсан генералууд миний тэмдгийг харснаа “Та Олон улсын иргэний хамгаалалтын баатар юм уу?” гэж байна. “Тийм ээ” гэсэн чинь тэр дор нь сайт руу нь оров. Тэгээд миний нэрээр хайж бүх мэдээллийг маань уншаад “Танд онц тавилаа. Та мундаг хүн байна” гээд дөрвөн генерал ёслоод гаргасан юм. Би тэгэхэд Цэргийн анги байгууллагын удирдлага гэдэг мэргэжлээр мэргэжил дээшлүүлсэн. Харин “Улаанбаатар хотыг үерээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө” сэдвээр диплом хамгаалж байлаа. Бид нарын үед таван мэргэжлээр аврагч бэлтгэдэг байв. Анх Цэргийн их сургуулийн ахлагч бэлтгэх нэг жилийн сургалтанд сууж дүүргээд дараа дараагийн шатны сургуулиудад нь сурсан. Ингээд бодохоор би гэдэг хүн хоёр академи, нэг дээд сургууль, нэг дунд сургууль төгссөн байдаг юм.
-
2024-11-20