-Залгамж халааг үргэлжүүлнэ гэдэг маш том бахархал байх. Магадгүй аавынхаа хүсэл мөрөөдлийг ч биелүүлсэн байж болох юм?
Аав маань Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулууны нэг Гал түймэртэй тэмцэх байгууллагад ажиллаж байгаад 1996 онд гавьяаныхаа амралтад гарсан. Бага байхдаа аавынхаа ажлын малгайг өмсөөд тайлдаггүй хүүхэд байсан гэж манайхан ярьдаг юм. Мөн аавыгаа дагаад ажил дээр нь очно. Галын улаан машин нүдэнд их тод тусна. Сонирхоод тоглоно. Нэг өдөр өөрөө сонирхоод галын салааны өдөр тутмын дасгал сургууль хийж байхад нь очиж, үзсэн. Түүнээс хойш л энэ албанд дурлаж, ажиллах шийдвэрийг гаргаж байлаа. Эргээд бодоход энэ албаны нэг эд эс болсондоо нэг хором ч харамсаж, дундаас нь ухрах бодол тээж байгаагүй юм байна. Ажлаа зөв сонгож дээ л гэж боддог.
-Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд удаагүй. Хүүхдээр төсөөлбөл хөлд орж байхтай нь зэрэгцээд үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Анхны төсөөлөл хэр байсан бол..?
2004 онд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Тэгээд 2006 онд Дархан-Уул аймгийнхаа Онцгой байдлын газарт аврагч-гал сөнөөгчөөр ажилд орсон. Анхны дуудлагаар гарч ажиллаж байсан минь саяхан мэт санагдаж байгаа ч дүү нарын хэлдгээр том ах нь болсон байна. Үе, үеийн шилдэг алба хаагч нараасаа арвин их туршлага, мэдлэг өвөртлөн авч, үргэлжлүүлэн өвлүүлэхээр хичээж зүтгэж байна. Албаныхаа нэр хүндийг алдахгүй авч явна гэдэг хариуцлагатай бөгөөд энэ эрхэм үүргийг биелүүлж байгаа минь бахархал юм даа. Би энэ албандаа 12 жил аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байгаад 2018 оноос гал унтраах автомашины жолоочоор үүрэг гүйцэтгэж байгаа Ажиллах хугацаандаа томоохон хэмжээний гал түймэр, хүн малын гоц халдварт өвчин, ой, хээрийн түймэр, химийн хорт бодис алдагдсан гэх мэт олон дуудлагаар аврагч-гал сөнөөгчөөр болон гал унтраах автомашины жолоочоор үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн 2020-2021 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны IХ ээлжинд үүрэг хуягт тээвэрлэгч ротод буудагчийн үүргийг гүйцэтгэсэн. Эрх чөлөөт эх оронтой, хүссэн, мөрөөдсөн зүйлээ өөрийн хөдөлмөрөөр бий болгох боломжтой азтай хүмүүс шүү бид…
-Үүрэг гүйцэтгэж байсан дуудлагаасаа онцолбол?
Гал унтраах ажиллагаа бол цаг хугацаагаар хэмжигддэг. Ажиллах хугацаандаа Дархан сумын 5-н нуур гурилын үйлдвэрийн гал, шинэ хорооллын 11 дүгээр байранд газын баллоны дэлбэрэлт, үр, тэжээл хадгалах селосны дэлбэрэлт, дэлгүүр, нийтийн орон сууцны барилга болоод өнгөрсөн онд болсон “Тэс Перолиум “ХХК-ийн шатахууны агуулахад гарсан гал түймрийн дуудлагаар ажилласан байна. Мөн хүн, малын гоц халдварын үед шүлхий, боом, цэцэг өвчин, мялзан гэх мэт устгал болон хорио цээрийн дэглэм тогтоох ажил, Хонгор сумын цианит натри алдагдах үед саармагжуулалт, хөрсний шинжилгээ авах ажлуудад оролцож байсан. Энэ бүх гамшиг, гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэснээрээ бахархдаг ч нөгөө талдаа үнэхээр их харамсдаг. Иргэн бүр өөрийгөө хамгаалдаг, аюулгүй байдлаа хангадаг байгаасай л гэж хүсдэг дээ.
-Онцгой байдлын алба хаагчийн хувьд сэтгэлзүйн дархлаа маш чухал. Өөрөөр хэлбэл өөр, өөртөө аврагч байх хамгийн том шалгуур гэж ойлгодог..?
Сэтгэлийн хат, ар гэрийн дэмжлэг маш чухал гэж боддог. Хүний сэтгэлзүй гэдэг бол биеийг бүхэлд нь удирддаг. Бид бүхэн 24 цаг үргэлж бэлэн байдалд ажиллана. Дуудлагаар ажиллах үед сэтгэлзүй муутай, ар гэрт нь асуудалтай байх үед ямар нэгэн байдлаар бэртэж гэмтэхээс эхлээд асуудал урган гарна. Мөн олон цагаар үүрэг гүйцэтгэх ажлын эрч хүч сэтгэлзүй муу байгаа хүнээс хэзээ ч гардаггүй юм шиг санагддаг. Тиймээс өглөө ээлж хүлээлцэхдээ ажлын хаалган дээр ирээд л ямар ч асуудал байсан бүгдийг нь толгойноосоо авч хаяад л үүрэг гүйцэтгэхэд бэлэн зогсдог доо.
–Хамт олны уур амьсгал гэдэг их чухал. Сэтгэлд тод үлдсэн дурсамжаа эргээд нэг сөхвөл сонин байж магад..?
Дурсамж гэхээс илүү сонин тохиолдол санаад орж байна. Ээлжээ хүлээлгэж өгчхөөд хувцас солих өрөөнд ортол ажлын ах гутлаа тосолж суулаа. Гэтэл дуудлага хүлээн авч орж ирээд ээлжинд гарч байгаа хүн гутлаа тосолдоггүй л гэдэг юм гэсэн ах хариуд нь хоншоорыг нь тосолж байна гэж байна. Тэгэхээр нь би ч үгэнд дурлаад байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагаар түймэрт ажиллах нь дээ гээд хэлээд удаагүй байтал дуудлага ирж таардаг юм. Ийм сонин мухар сүсэг байдаг шүү.
-Таны хэлснээр гэрийн бүл дэмжлэг хамгийн чухал. Энэ мөчид бас хайртай хүмүүстээ сэтгэлээ илэрхийлэх боломжийг олгож байна..?
-Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Ажлаа тав тухтай хийх бүхий л боломжоор хангаж, дэмжиж ажилладагт маш их баярладаг. Он удаан жил аз жаргалаа хуваалцан хамтдаа байх болно гэж хэлмээр байна. Манай гэр бүлийн хувьд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж байгаа “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өөрийн эзэмшлийн 0,7 га талбайд бургас, үхрийн нүд, чацаргана, нохой хошуу, тэхийн шээг гэх мэт мод тарьж ургуулсан. Одоо хашаан доторх маань бараг л ой, мод шиг болсон. Нэг мод, нэг амь л гэж бодож гар бүлээрээ энэхүү аянд нэгдсэн. Хүүхдийн хүмүүжил болоод эрүүл ахуй наашлаад эдийн засгийн хувьд ч гэсэн сайнаар нөлөөлөх боломжтой юм билээ.
-Баярлалаа танд. Хүсэл бүхэн нь биелж, хүрэх зам нь дардан байх болтугай?
Онцгой байдлын алба гэдэг том гэр бүлд нэгдэж, үргэлж ардаа цагаан мөр үлдээж явдаг сайхан албанд ажиллаж байгаадаа маш их бахархдаг. Тиймээс энэ албанд шинээр орж байгаа, сонирхож байгаа дараагийн үеийн залуустаа хандаж хэлэхэд ажил, ажлын байр хоёроо гэр шигээ санаж, бүх зүйлд сэтгэлээсээ хандаж ажиллаарай гэж хэлмээр байна. Ажлын ачаалал даах, хүнээс үг сонсох, тэсвэр хатуужил гээд хамгийн том соёл, амьдралын ухаанд сургадаг гэдгийг ч мөн онцолмоор байна. Энэ дашрамд аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн удирдлагууд, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нийт ажилтан, алба хаагчдадаа баярласнаа илэрхийлж, ажлын амжилт хүсье. Баярлалаа.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
-
2024-11-20