Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.10.12) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нар санаачлан боловсруулж, энэ сарын 10-нд өргөн мэдүүлсэн юм.
Дээрх хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасан. Энэ нь 2023 оны 10 дугаар сарын 15-наас хойш уг хуулийг шинэчилж, өөрчилж болохгүй гэсэн цаг хугацааны нөхцлийг тодорхойлсон заалт юм. Гэвч, орон нутгийн хурлын сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр түүний тоо, хэмжээ, зардлыг бууруулах, сонгогчдын нэрийн жагсаалт, түүнийг хянах үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналт, мониторинг хийх төрийн бус байгууллагуудын оролцоог хуульчлах, хяналтын тооллого хийх зэрэг зохион байгуулалтын нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгах шаардлагатайг хууль санаачлагчид дурдаж буй юм. Иймд дээрх заалтад буй “нэг жилийн” гэснийг “зургаан сарын” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байна.
Дээрх хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Н.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй байна. Харин анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Байнгын хорооны дарга гаргажээ.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асуув. Тэрбээр хуулийн төслийн ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл оролцож буйтай холбогдуулан ирэх онд болох сонгуулиудад тус хороо бэлэн байгаа эсэхийг тодруулсан юм. Түүний асуултад Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн хариулахдаа, хууль, эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төлөвлөгөө боловсруулан бэлтгэл хангаж буйг дурдаад, одоогийн байдлаар 2493 санал тоолох төхөөрөмж бэлэн байгаа гэв. Ашиглалтаас 257 төхөөрөмжийг хассан бөгөөд төсвийн тодотголд 507 төхөөрөмжийн зардлыг тусгаж, холбогдох гэрээ хэлцлийг хийсэн байна. Шинэ төхөөрөмжүүдийг энэ сард багтаан авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төхөөрөмжид ашиглаж буй программ хангамжийн лицензийн төлбөрийг тогтмол төлж, хөгжүүлэлт, сайжруулалтыг цаг тухайд нь хийж байгаа талаар Сонгуулийн Ерөнхий хорооны Ажлын албаны дарга онцлов. Хойтон болох Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нийт 65.0 тэрбум төгрөг зарцуулах ажээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх тухай асууудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав. Түүний танилцуулснаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар сарын 10.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр ирүүлсэн байна. Тэрбээр хүсэлтдээ, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас намайг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлснийг миний бие хүлээн авсан хэмээн дурджээ. Түүний энэхүү хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон Х.Нямбаатарт баяр хүргэж, амжилт хүслээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан үүргийг сайн гүйцэтгэснийг нь тэмдэглэж, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, тэдний сурч, хөгжих орчин нөхцлийг сажруулахад, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, нийслэлийн газар зохион байгуулалт, газар олголтын болон иргэд, залуусын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэхэд зориулсан талбай, байгууламжийг нэмэгдүүлэх, мөн хотын стандартыг сахиулах, соёлыг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, нийслэл хотод утаа, түгжрэл, авлига, стандарт гээд олон тулгамдсан асуудал байгааг сануулж, хотын ажлын үр дүнгээс төр, засгийн ажил, тэр дундаа Улсын Их Хурлын ажил хамаарна гэдгийг онцлов.
Мөн, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар нь, улмаар Улсын Их Хуралд төлөөлөн ажилласан Сонгинохайрхан дүүрэг сүүлийн 10 жилийн хугацаанд төвийн дүүргүүдээс ч илүү хөгжсөнийг дурдаад, өөрийн тойргийнхоо 200.0 мянган иргэнийг парламентад төлөөлөн ажиллаж байсан бол одоо нийслэл Улаанбаатар хотын 1.7 сая иргэний төлөө ажиллах болж буй Х.Нямбаатарт амжилт хүсэв. Тэрбээр, Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын хийсэн гол, томоохон ажил бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан явдал болохыг онцолсон юм. Урьд өмнө нийслэлийн асуудлуудыг орхигдуулж ирсний улмаас маш олон бэрхшээл хуримтлагдсаны үр дагаварыг тэрбээр өгүүлээд, анх удаа бодлогын түвшинд Улсын Их Хурал, Засгийн газар, хот хамтраад бугшсан, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж эхэлснийг хэлж, бодлого, үйл ажиллагааны энэ хамтын чиглэлийг дүүрэг, нийслэл болон Улсын Их Хурал, Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай, хурдтай, зоригтой улс төрч хариуцаж байгаад баяртай байна гэлээ. Жижиг зүйлд сатааралгүй зорилгоо харж, ард нь гардаг түүнтэй гар нийлж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллана гэдгээ тэрбээр илэрхийлэв.
Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нийслэл хотын ажил, асуудал бол хэр баргийн хүн зориглож орохгүй хүнд хэцүү ажил гэдгийг анхааруулж, үүн рүү өөрийнхөө хүсэлтээр бус Улсын Их Хурал, Засгийн газрын даалгавраар томилогдон орж байгаа түүнийг дэмжиж ажиллана гэсэн бол, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, хотыг удирдахад аж ахуйн ажлын туршлагаас гадна улс төрийн манлайлал чухал хэмээгээд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүний өндөр эрэмбээс хотын даргын хариуцлагатай албыг хүлээн авч байгаа нь улс төрийн зоримог шийдэл, томоохон манлайлал болохыг онцолж, амжилт хүслээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Улаанбаатар хот, Төв аймаг хоёр уялдаа холбоотой, уян хатан, нягт хамтран ажиллах шаардлагатайг дурдав. Тэрбээр, нийслэлчүүдийн хүнсний хангамж, түүний аюулгүй байдал, чанар стандар, хүртээмжийг сайжруулахад Төв аймагтай, малчид, тариаланчидтай ахиц дэвшилтэй хамтран ажиллаарай гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Х.Нямбаатар дараа нь үг хэллээ. Тэрбээр юуны өмнө өөрт нь итгэл хүлээлгэж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёронтаа сонгож, дэмжлэг үзүүлж ирсэн Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдод талархал илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан үүргийг хавсран гүйцэтгэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар дэмжиж ажилласныг тэрбээр талархан дурдаад, энэ хугацаанд 100 орчим хуулийн төсөл санаачлах болон ажлын хэсгийг ахалж, боловсруулсан бөгөөд 2020 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах хугацаандаа нийт 60 орчим хуулийн төсөл дээр ажилласны 27 нь батлагдаж, 13 нь хэлэлцүүлгийн шатанд байна гэлээ. Тэрбээр, хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд нийтийн эрх зүйн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн шинэчилсэн найруулгуудыг батлуулах, эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх процессын зарим анхдагч хуулийн төслүүдийг батлуулах ажлууд амжилттай хийгдсэнийг онцолж, шүүхийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай, Олборлох салбарын ил тод байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг цаг алдалгүй хэлэлцүүлэхэд анхаарал хандуулж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн юм.
Мөн тэрбээр Ерөнхий сайдын болон Засгийн газрын шийдвэрээр 55 ажлын хэсгийг ахалж ажиллажээ. Үүний дотор Оюутолгойн төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, Ураны томоохон төсөл хөтөлбөр болох Францын Орано компанитай байгуулах хэлэлцээр, олон жил гацсан Гашуун сухайт-Ганц модны төмөр замын хил холболтыг хийх талаар Чайна Энержи компанитай байгуулах гэрээ хэлэлцээрийн ажлын хэсгийг ахалсан байна. Эдгээр ажлууд чамгүй урагшилсан хэмээн тэрбээр өгүүлээд, цаашид Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Эцэст нь тэрбээр, нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд Улсын Их Хурал, Засгийн газар, иргэд, аж ахуйн нэг, байгууллагын өргөн дэмжлэг чухал болохыг тэмдэглэж, удахгүй бидний оруулж ирэх шинэчлэлийн бодлогуудыг цаг алдалгүй дэмжиж өгөхийг хүсье гэв.
Тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, 2019 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдсоноосоо хойш Х.Нямбаатар 300 гаруй хууль тогтоомж дээр хамтран ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс эхлээд хууль, эрх зүйн олон реформ, шинэчлэлийг хийхэд манлайлагч, санаачлагч байсныг онцлов. Мөн, авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг зохион байгуулах, авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангахад идэвх зүтгэлтэй ажилласанд, түүнчлэн Засгийн газрын ажлын хэсгүүдийг ахалж, олон чухал асуудлыг нугалж, манлайлж ажилласанд талархал илэрхийлье гэлээ. Улсын Их Хурлын дарга цааш хэлэхдээ, энэ амаргүй хэцүү цаг үед тэрбээр манлайлал, үлгэр дуурайлал, улс төрийн капиталыг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхий сайдаас санал дэвшүүлснийг хүлээн авч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллахаар улс төрийн эр зориг гаргаж Улсын Их Хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөж байна. Улаанбаатар хот бол Монгол Улсын хүн амын 48.1 хувь, их, дээд сургууль, үйлчилгээний салбарын 80-90 хувь, улс орны нийт эдийн засгийн 65 хувь төвлөрсөн, тэр хэмжээгээрээ авто замын түгжрэл, хөрс, агаар, усны бохирдол зэрэг маш олон асуудал хуримтлагдсан хот. Нийслэл хотын энэ бүх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, томоохон эрс шинэчлэл, хөдөлгөөн өрнүүлэх нь зүйтэй гэлээ.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд бол бодлогын алдаа гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлоод, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Улаанбаатар хотын дүүргүүд нь хот байх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Энэ шинэчлэлийн эх нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль байх ёстой. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдлын тухай болон энэ хуулийг уялдуулан шинэчилж, нийслэл хот нь дагуул хотуудаас бүрддэг олон улсын жишгийг хэрэгжүүлнэ. Ингэж шинэ төвүүдийг бий болгож байж өнөөдрийн Сүхбаатарын талбай тойрсон төвлөрлийг задална гэлээ.
Нийслэлд шинэ төвүүдийг байгуулж, төвлөрлийг задлах ажиллагаа дүүргүүдээс цааш тэлж, бүх аймгийн төвүүдийг хот болгох дараагийн шатаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ дурдаад, Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд бодлогын өөрчлөлтүүдийг хийх хүнд хүчир ачааг үүрэх хариуцлагатай үүргийг хүлээн авч буй Х.Нямбаатарыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хуваалцах:
-
2024-11-20