Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүгд найрамдах итали улсын “falconeri” үйлдвэртэй танилцлаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-19
 
Европын холбооны улсад зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2023” арга хэмжээнд оролцогч ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид /2023.10.16/ Итали улсын ноолуурын чиглэлийн үйлдвэрүүдтэй уулзаж, хамтран ажиллах боломж, бүтээгдэхүүний загвар дизайн, чанарыг сайжруулах талаар санал солилцлоо.
Арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Ц.Нарантунгалаг, Худалдаа, эдийн засгийн харилцааны асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Дэлгэржаргал, Итали улс дахь Монгол Улсын өргөмжит консул Paolo Bonettiт, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Мишээл экспо ХХК-ний ахлах менежер З.Одонтуяа нар оролцов.
 
Мөн Итали улсын экспорт, худалдааны “EXETRA” компаний төлөөлөгч Gabriele Giovannini-тэй уулзаж, үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах тохиолдолд урт хугацаанд хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэх боломжтой талаар санал солилцож, Жижиг, дунд үйлдвэрийн газрын зүгээс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд энэхүү мэдээллийг хүргэн хамтран ажиллах талаар тохиролцлоо.
 
Мөн Итали Улсын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “FALCONERI” брендийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Tarcisio Ruffoli Монголын төлөөлөгчдийг хүлээн авч, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулсан юм.
Монгол Улсын самнасан ноолуурын гол худалдан авагч Итали улс бөгөөд самнасан ноолуурын экспортын 90 орчим хувийг эзэлдэг. Өдгөө Монголын үндэсний 20 орчим компани "Loro Piana", "Falconeri", “Chanel”, “Schneiders” зэрэг брэндтэй хамтран ажиллаж, ноолуур нийлүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.141.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.