Гэр хорооллын 220 мянган өрхийн газрыг БЭЛЭН МӨНГӨӨР, БАЙРААР СОЛЬЖ авна
Үйл явдал
/
2023-10-31

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” анхдагч хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж буй асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр дараах гурван чиглэлийг ОНЦЛОВ! 

  • Улаанбаатар хотод 720 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Жилд дунджаар 47-50 мянган автомашин импортоор авдаг. Энэ янзаар байвал дөрвөн жилийн дараа бид нэг сая машинтай болно. Ийм учраас хотод шинээр дугаар олгохгүй. Төлбөртэй бүсийг нэвтрүүлнэ. Төлбөрийг 0 төгрөгөөс 27500 төгрөг хүртэлх байхаар тогтооно. Төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдийг төлбөрөөс 90 хувь чөлөөлнө. Мөн төлбөртэй бүс рүү орох орчимд байрлах автомашины зогсоолыг ажлын цагаар үнэгүй болгоно. 
  • Метро барих асуудлаар БНХАУ-ын төрийн өмчийн газруудтай хэлэлцээрийн ширээний ард сууна. Арваннэгдүгээр сарын 15-наас Нийслэлийн удирдлагууд хэлэлцээрт орно. Нийслэлийн гурван шугамд метро барихаар төлөвлөж байна. Их тойрууг тойруулж Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Долоон буудлаас Яармагийн товчоо хүртэлх маршрутыг эхний байдлаар гаргасан.
  • Гэр хорооллыг барилгажуулах асуудлыг дээрх хуулиар зохицуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 220 мянган өрх гэр хороололд амьдарч байгаагаас 8 мянга нь утаа гаргахгүй ямар нэгэн эх үүсвэрт холбогдсон байна. Ирэх жил Сэлбэ дэд төвийг эхлүүлж, тэр орчмын газар чөлөөлөлтийг нэлээд амбийцтай хийнэ. Долоон буудлын эцсээс Чингилтэй дүүрэг хүртэл 158 мянган га газарт 2000 айлын нэгж талбар бий. Эдгээр айлыг гурван нөхцөлөөр газраа чөлөөлж өгөхийг хуульд зааж байгаа. Нэгд, бэлэн мөнгөөр, хоёрт газраа НОСК-т байгаа бэлэн орон сууцаар сольж болно. Гуравт, 24 сарын хугацаатай түрээсийн төлбөрөө аваад эргээд тухайн газар баригдсан байрнаас нөхөн олговор байдлаар өгөх зохицуулалтыг хийсэн.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.78.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.