Онлайн худалдааны аюулгүй байдлын зөвлөмж
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-30

Хүмүүсийн цаг завыг хэмнэх, интернэт орчинд гадаад болон дотоодоос түргэн шуурхай худалдан авалт хийх зэрэг боломжуудыг олгодог үйлчилгээний нэг төрөл бол онлайн худалдаа юм. Техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед худалдаа үйлчилгээний салбарт суурилсан маш олон төрлийн аппликэйшн, вэбсайтууд бий болсоор байна. Үүнтэй зэрэгцэн хэрэглэгчдийг залилах, хууран мэхлэх, мэдээллийг нь олж авах, хулгайлах зэрэг гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж байна. Иймд интернэт орчинд худалдан авалт хийхдээ өөрийн хувийн болон санхүүгийн мэдээллүүдийг аюулгүй байлгах нь нэн чухал юм. Та бүхэн дараах зөвлөмжүүдтэй танилцана уу. Үүнд:

Вэбсайтын аюулгүй байдлаа анхаарах

  • Худалдан авалт хийж буй вэбсайтын мэдээлэл, бүтээгдэхүүний тайлбар, анхаарал татахуйц хямд үнэ, өндөр ашиг амлаж байгаа эсэхийг сайтар нягтлах. Холбоотой сөрөг сэтгэгдлүүд их бичигдсэн бол тухайн вэбсайт дээр гүйлгээ хийхээс татгалзах;
  • Хандаж буй вэбсайт, аппликэйшнүүд нь аюулгүй байдлын шаардлага хангасан буюу тухайн линк хаягийн “http”-ийн ард “s” үсэг (https://) байгаа эсэхийг шалгах;
  • Аюулгүй байдлын шаардлага хангаагүй, илт хуурамч вэбсайтууд руу хандан хувийн болон картын мэдээллээ оруулахгүй байж уг вэбсайтуудыг ашиглахгүй байх;
  • Дараах тэмдэглэгээ бүхий хамгаалалтын технологитой вэбсайтуудаар үйлчлүүлж байх;

Картын аюулгүй байдлаа анхаарах

  • Картын дугаар, хүчинтэй хугацаа, CVV код, пин код, онлайн гүйлгээний E-код зэрэг нууц мэдээллүүдээ бичиж тэмдэглэхгүй байх, бусдад дамжуулахгүй байх;
  • Худалдан авалт хийх гэж буй вэбсайтын төлбөрийн нөхцөл, журамтай анхааралтай танилцсаны дараа картын мэдээллээ оруулдаг байх;
  • Төлбөрийн картаа вэбсайт, аппликэйшнд бүртгүүлсэн бол тогтмол дүнгээр суутгал хийгдэх эсэхийг шалгаж, шаардлагагүй тохиолдолд картын холболтыг салгах;
  • Та картаа зөвхөн онлайн худалдан авалт хийхдээ л ашигладаг бол хэрэглээгүй үедээ тухайн картыг идэвхгүй болгож эрсдэлээс сэргийлэх;

Хувийн мэдээллийн аюулгүй байдлаа анхаарах

  • Олон нийтийн үнэгүй WiFi сүлжээнд холбогдсон үедээ онлайн худалдан авалт хийхээс татгалзах, учир нь таны картын мэдээлэл болон бусад хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй
  • Бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаа өөрчилсөн бол цаг алдалгүй банкандаа мэдэгдэж мэдээллээ шинэчилж байгаарай.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.45.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.