УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна.
Монголд эмчилж чадахгүй хүүхдийн өвчнийг гадаадад эмчлүүлэх тохиолдолд төрөөс бүрэн даах боломжтой. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ажил хэрэг болгож байгаа эсэх талаарх асуултыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тавьсан юм.
Асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариулахдаа "Дотооддоо эмчил чадахгүй байгаа 27 төрлийн өвчин байна гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг юм билээ. Үүнтэй холбоотойгоор 2024 оны улсын төсөв бодлогын өөрчлөлт оруулж байгаа зүйлс бий.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан. Хуульд өөрчлөлт оруулаад Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зөвхөн нийгмийн эрүүл мэндийн асуудалд зарцуулж байгааг эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулдаг болгож хамрах хүрээг нь өргөжүүлэх өөрчлөлт хуульд орж байгаа.
Одоо бол архи, тамхины 1-2 хувийн онцгой татвар, эмийн НӨАТ-ын татварын 2 хувиар тус сангийн хөрөнгийг бүрдүүлж яваа. Гүйцэтгэлээр авч үзвэл 10-12 тэрбум төгрөг жилд төвлөрөх ёстойгоос 2023 онд хоёр тэрбум төгрөг өгөөд нийгмийн эрүүл мэндийн асуудалд зарцуулж байна.
2024 оны төсөвт Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг 10 тэрбум төгрөг болгож, 2023 оныхоос тав дахин нэмэгдүүлж тусгасан. Сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар
- Дотоодод эмчлэгдэх боломжгүй өвчний технологи нэвтрүүлэх зардлыг сангаас санхүүжүүлдэг болох
- Дотоодод эмчлэгдэх боломжгүй өвчний улмаас зайлшгүй шаардлагаар гадаад руу эмчилгээнд явж байгаа иргэдэд төлбөрийн 5 хувь өгдөг байдлыг нэмэгдүүлэх
- Дотоодод эмчлэгдэх боломжгүй хүүхдийн өвчний гадаадад эмчлүүлэх зардлыг сангаас нөхөж олгодог байх зохицуулалт оруулахаар байна.
Хууль баталж өгвөл эдгээр асуудалд өөрчлөлт гарна гэж харж байна" хэмээв.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Монголдоо эмчилж чадахгүй байгаа хүүхдийн өвчнийг төр даах тусламж үйлчилгээнд хамааруулж байгаа. Төр заавал даах ёстой. Та Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын хувьд үүнийг Даатгалын үндэсний зөвлөлийнхөө шийдвэрээр хийх боломжтой. Зарим үнийн тарифыг зохицуулснаар шийдэх боломж байгаа. Мөн эмч, эмнэлгийн байгууллагуудаа сургах асуудалд илүү анхаараасай гэж хүсэж байна" гэлээ.
-
2024-11-20