Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2017-2019 онд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийн байгууламжийг байгуулж, сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулсан бөгөөд энэ оны эхнээс төслийн гурав дахь үе шат хэрэгжиж эхэлсэн.
Төслийн хэрэгжилтийн хүрээнд Швейцарын Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг 2023 оны 10-р сарын 16-20-ний өдрүүдэд ажиллалаа. Энэ үеэр 2019 онд зохион байгуулсан сургагч багш бэлтгэх сургалтыг үргэлжлүүлэн аврах ажиллагааны техник, заах аргазүйн сургалтыг гурван өдрийн турш Үндэсний аврах бригадад зохион байгууллаа.
“Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монгол Улс, Швейцарын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улстай гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, сургагч багш нарыг бэлтгэх, онцгой байдлын албаны алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх зорилготой ажиллаж байна.
Төслийг амжилттай хэрэгжүүлснээр, Монгол Улсын Онцгой байдлын албаны аврагчдын мэргэжлийн ур чадвар, удирдлага, хангалт үйлчилгээ, сургалтын бааз, багаж хэрэгсэл, зохион байгуулалтыг сайжруулж, улмаар Монгол Улс олон улсын хот дахь эрэн хайх, аврах дунд шатны багтай болоход том түлхэц үзүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2024-11-20