Онцгой байдлын ерөнхий газраас Ховд аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор үргэлжилж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.
Сургуулийн нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт нарын удирдлагууд оролцлоо.
Мөн аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явуулж, нийт 620 гаруй хүн, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр хамрагдсан юм.
Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас орон нутагт жил бүр Гамшгаас хамгаалах иж бүрэн болон Команд штабын сургуулийг зохион байгуулдаг.
Монгол Улсын Шадар сайдын аймгуудын Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас энэ жил Говь-Алтай, Хөвсгөл аймагт команд штабын сургууль, Дархан-Уул, Дорнод аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулсан.
Ховд аймагт болж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь энэ жилийн Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудын хаалт болж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2024-11-20