#Nematimes булангийн өнөөдрийн зочноор Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Эрдэнэзандангийн Сугирзав оролцож байна.
Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуулийг 2018 онд төгссөн. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Таван жил ажиллаад дүү төрүүлж өгнө гэж хүүдээ амлаж анх ажилд орж байв. Амлалтаа биелүүлж албаны бэлэн байдал алдуулалгүй 5 жил ажиллалаа. Уг нь би гал сөнөөгч болохыг мөрөөддөг байсан юм. Гэхдээ одоо Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуульд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийнхээ дагуу сурна. Салааны захирагч болж гал сөнөөгчдийг удирдаж галын голомтод ажиллана гэж төлөвлөж байгаа. Ямар нэг гамшиг, осол, гал түймэр гарахад иргэд хамгийн түрүүнд дуудлага хүлээн авагчтай холбогддог. Тиймээс бид аврагч, гал сөнөөгчдийг галын голомтод цаг алдалгүй очиход хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг гэсэн үг. Иргэд эхлээд мэдээлэл аваад, дараа нь аврагч явуулдаг гэж боддог байж магадгүй. Утас дуугарч дуудлага ирлээ гэхэд л бид нэг гараараа хонхоо дарж, нөгөө гараараа хаягаа тэмдэглэж байдаг.
“Оюутолгой” компани Ханбогд суманд байрладаг. Цагаан хад манай сумын нэг баг. Тиймээс бусад сумтай харьцуулахад Ханбогд сум дуудлага ихтэй. Хүн ам олон, газар нутаг том. 2020 онд шуурга болж, ээлжинд гарч байгаа бүрэлдэхүүн тал тал тийш дуудлагад гарчихсан үед шуурганд төөрсөн хүн надтай холбогдсон юм. Аврал эрээд залгахад манайхаас гарах бүрэлдэхүүн байгаагүй. Утас нь сүлжээтэй хэрнээ орон зайн баримжаагаа алдаад төөрчихсөн байсан. Тэгэхэд би гурван үгсээр байршил тодорхойлдог апп хэрхэн ашиглахыг зааж өгч, утсаар ярьсаар байгаад аварсан. Голомтод нь очоогүй ч мэргэжлийн ур чадвараараа хүний амь нас аварсан гэж бодож сэтгэлд үлдсэн дуудлага тэр байсан.
Онцгой байдлын алба хаагчид “Энэ цагийн эгэл баатар” гэсэн бахархам тодорхойлолтой. Тиймээс энэ байгууллагын нэг эд эс нь болж ажилладаг өөрөөрөө бахардаг. Мөн үргэлж дэмждэг, урлаг спортын тэмцээн, уралдаан гээд явахад арын албыг найдвартай дааж үлддэг хамт олондоо баярлалаа.
-
2024-11-20