Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын төлөөлөгчдийг найрсаг, халуун дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт уламжлаад, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг Киргиз Улс амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэлээ.
Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын энэ оны долдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалхоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлоод айлчлалын үеэр ярьж тохиролцсон ажлуудаа хэрэгжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллахаа нотлов.
Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлсон чухал баримт бичиг болох “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан тунхаглал”-ыг байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монголд айлчилсан дурсамжаасаа хуваалцав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгыг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, Эрдэнэт хотод “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирч, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
-
2024-11-20