Ц.ДАВААСҮРЭН:ТӨЛӨВЛӨЛТИЙН ДАГУУ ГАЗАР ОЛГОЖ, БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ БОЛНО
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-03
 

"Барилгын мэдээлэл" эмхэтгэлийн энэ удаагийн ярилцлагын хойморт Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэнг урьж, ярилцлаа.

-Таны хувьд барилга, хот байгуулалтын сайд болсноосоо хойш ямар асуудлуудад илүү төвлөрч ажиллаж байна вэ?

-Сайдын ажлыг авснаас хойш Монгол Улсын хөгжлийн баримт бичгүүдэд барилга, хот байгуулалтын салбарт авч хэрэгжүүлэхээр тусгагдсан салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, хотын хөгжил гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлэх, газар хөдлөлтийн нөлөөллийн үнэлгээ, паспортжуулалт, барилгын хийцийн үндсэн гол материалуудын чанарын хяналтыг сайжруулах, түүнчлэн аюулгүй орчин, хөдөлмөр хамгаалалтын аюулгүй байдлыг сайжруулах, зөвшөөрөл, бичиг баримтын бүрдэлгүй барилгын ажил явуулахыг зогсоох, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

 

 -Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаар зарлиг, “Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг байгуулах тухай” Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоол батлагдан гарч, Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, шинэ хот байгуулах эрх зүйн шинэтгэл хийх, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг  батлах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төсөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2023 оны 38 дугаар тогтоолоор “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороог байгуулж, миний бие ахлан ажиллаж байна.  Үндэсний хорооноос "Шинэ Хархорум" хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэх эхний ээлжийн арга хэмжээний төлөвлөгөө (2023-2025 он)-г боловсруулж баталсан. Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулаад байна.

Мөн “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулж байна. “Шинэ Хархорум” хотыг нийслэл хот болон бусад хот, суурин газартай холбох авто зам, төмөр зам, нисэх буудлыг байгуулах урьдчилсан судалгааг Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газраар, “Шинэ Хархорум” хотын цахилгаан хангамжийн судалгаа, төлөвлөлтийн хувилбарыг Эрчим хүчний яамаар тус тус хийлгэж, эхний байдлаар трасс, байршлыг тогтоосон. Цаашид нарийвчилсан техник-эдийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг үе шаттайгаар хийнэ. Одоо хот байгуулах байршлын инженер геологи, геодезийн судалгаа, дүгнэлт гаргах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн БНСУ-ын “КОЙКА” байгууллагатай хамтран “Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн урьдчилсан судалгааны төслийг эхлүүлж, "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулж, Барилга, хот байгуулалтын яамны харьяанд ажиллуулж байна.

 

-Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудлыг түшиглэн хот байгуулах ажлын явцын талаар?

 -УИХ-ын 2020 оны 55 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орон нутгийн зэрэглэлтэй “Шинэ Зуунмод” болон “Майдар” хотуудыг байгуулахаар, шийдвэрлэсний дагуу “Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоолоор батлуулсан. УИХ-ын 2022 оны 10 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн 1000 га газарт Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн. Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Орон сууц, олон нийт, худалдаа, үйлчилгээний бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”, “Эдийн засгийн чөлөөт бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”, “Тээвэр, логистикийн төвийн ТЭЗҮ, эхний ээлжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г тус тус боловсруулаад байна. Мөн Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын эхний ээлжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний ажил /Үерийн хамгаалалтын суваг-2,3,4/, ус хангамжийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн зураг төслийг боловсруулаад байна.

“Шинэ Зуунмод хотын ухаалаг хотын хөгжил, ухаалаг зарчимд нийцүүлэн /шинэчлэн/ төлөвлөх төсөл” хэрэгжүүлэх байгууллагаар БНСУ-ын “Сусоонг инженеринг компани тэргүүтэй түншлэл” шалгарсан. Барилга, хот байгуулалтын яам, АХБ-тай хамтран техник туслалцааны “Хөшигийн хөндийн ногоон, гамшигт тэсвэртэй шинэ дагуул хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл” /ТА-10059 MON/-ийг 2023.04.20-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг Японы “АЛМЕК” корпорациар ахлуулсан зөвлөх баг гүйцэтгэж байна. Одоо хийгдэж буй ажлын талаар ийм л зүйлийг хэлэх байна.

 

 -Улсын төсвийн хөрөнгөөр энэ жил хичнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байна. Мөн  хэрэгжиж байгаа томоохон төсөл арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл юу байна. УИХ-ын Чуулганы хуралдаанаар он дамжсан барилгууд их байна,  төсөвт өртөг  нэмэгдсээр байна гэдэг шүүмжлэл гарч байна. Энэ тухайд та юу хэлэх вэ ?

Энэ жил Улсын төсвийн 38,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2170 ортой 15 цэцэрлэгийн барилга, улсын төсвийн 54,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4430 суудалтай 10 сургуулийн барилга шинээр барьж ашиглалтад оруулж байна.

Барилга, хот байгуулалтын сайдын багцын хөрөнгөөр Хөшигийн хөндийн шинэ хотын эхний ээлжийн инженерийн дэд бүтцийг барьж байгуулах, аймаг, орон нутгийн инженерийн шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, Залуус 1 хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламжийг барих, сумдад инженерийн дэд бүтэц барих  зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байна.

Он дамжин баригдаж байгаа барилгууд их байна,  төсөвт өртөг  нэмэгдэж байна гэдэг нь олон талын шалтгаантай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг төлөвлөх шатанд захиалагч, төсөвт өртөгт нийцүүлэн зураг төсөл боловсруулах явцад зохиогч, барилга угсралтын ажлын явцад гүйцэтгэгч тус тус алдаа гаргаж байгаатай холбоотой байна. Тодруулбал, барилга байгууламжийг дутуу төлөвлөх, олон жилийн өмнө батлагдсан төсөвт өртгийг хянахгүйгээр төсөвт тусгуулах, хөрөнгийн хүртээмжгүй байдлаас төсөвт өртгийг бага багаар олон жил дамнуулан төсөвт тусгагддагаас үүдэж өртөг нэмэгдэх шалтгаанууд гарч байна. Магадгүй хямдхан бага төсвөөр хийхээр ажил авчаад төсвийг өсгөхгүй бол хийхгүй гээд суучихдаг явдал ч байхыг үгүйсгэхгүй байна.

Тийм учраас 2022 онд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад уг хуулийн 291.2.2-т “барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх;” гэж, 29.3.5-д “шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож, гурван жилд багтаан санхүүжүүлж, дуусгах;”-аар тусгуулсан нь хөрөнгө оруулалтыг үр дүнгүй нэмэгдүүлэх эрсдэлээс хамгаалах нэг хөшүүрэг болж өгсөн гэж бодож байна.

Сангийн яамнаас 2023 оны Төсвийн тухай хуулийг төлөвлөхдөө шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг огт тусгаагүй бөгөөд өмнөх онуудад хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдийг аль болох бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Түүнээс хойш батлагдсан, бодитой зураг төсвөөр барилгын ажлыг төлөвлөж, хугацаанд нь гүйцэтгэдэг байх зарчмыг хэвшүүлэхийг зорих юм.

 

-Дахин төлөвлөлтийн хүрээнд хаана, хэчнээн айлын орон сууц барих боломжтой байна вэ? Утааны эсрэг гол үр дүнтэй ажил бол гэр хорооллыг орон сууцжуулах гэж ярьдаг шүү дээ?

“Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам”, “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны  журам”, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”, “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”, “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”, “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах үйл ажиллагааны журам”, “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”, “Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааны журам” зэрэг дүрэм журмуудыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангуулах ажлыг орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран явуулж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхийн цаана тулгарч буй гол асуудал бол дэд бүтэц, дулаан, цахилгаан, цэвэр бохирын шугам сүлжээг байгуулсан байх явдал юм.

        Энэ хүрээнд, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Сүхбаатар дүүргийн 7-р хороолол орчим, Баянзүрх дүүргийн 14-р хороолол орчмын дэд бүтцийн эх үүсвэрийг шийдүүлэн, тус байршлуудад 7000 орчим айлын орон сууц баригдсан нь дахин төлөвлөлтийн бусад байршлын гүйцэтгэлтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа юм. Мөн Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг 2016 оноос эхлүүлж, дэд бүтцийн ажлыг бүрэн дуусгасан. Одоо дараагийн ээлжийн Дамбадаржаа, Дэнжийн 1000  дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг яамны захиалгаар “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨҮГ-аар гүйцэтгүүлж байна. Энэхүү ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын хэт төвлөрөлтэй нэг төвт хотыг олон төвт хот болгох замаар ажлын байр бүхий хэсэгчилсэн инженерийн дэд бүтэцтэй дэд төвүүдэд хуваан хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр байршлуудад 140 мянга орчим айлын орон сууцыг барина. Захын бүсийн төвлөрсөн дэд бүтэц хүрэх боломжгүй гэр хорооллын 80 мянга орчим өрхийг орлогын түвшинтэй нь уялдуулан бие даасан, сэргээгдэх эрчим хүчний хосолсон шийдэлтэй тохилог сууцтай болгохоор төлөвлөж тусгасан. Түүнчлэн гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажилд газар чөлөөлөх асуудал их чухал.

Энэ хүрээнд, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 9-р хорооны  ногоон нуур орчимд баригдаж буй 1008 айлын орон сууцыг газар чөлөөлөх, түр суурьшуулах хэлбэрээр ашиглана. Мөн БНСУ-ын Эксим банкны санхүүжилтээр баригдах Солонго 1, 2 хорооллыг мөн адил гэр гэр хорооллын газрын чөлөөлөх замаар урт хугацаатай түрээсийн орон сууцны хэлбэрээр ашиглахаар төлөвлөж байна. 

 

-Ойрын хугацаанд дахин төлөвлөлтийн хүрээнд хэчнээн орон сууц барихаар төлөвлөж байна вэ?

Улаанбаатар хотын 412 гаруй мянган өрхийн 200 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлгөөгөөр өрхийн тоо 520 мянгад хүрч, 440 мянган өрх орон сууц, 80 гаруй мянган өрх хэсэгчилсэн болон бие даасан эх үүсвэртэй орон сууцанд амьдарна гэж төлөвлөж байна.  Түүнчлэн 2022-2025 онд 187 блок, 21000 айлын орон сууцыг барихаар төлөвлөж байна.

 Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахаар Улаанбаатар хотын 8 дүүрэгт 28 байршилд 85 хэсэгчилсэн талбайн 1631 га газарт 140 мянга гаруй айлын орон сууц, 60ш сургуулийн барилга, 92ш цэцэрлэгийн барилга, 14ш эмнэлэг барихаар төлөвлөсөн.

Одоогийн байдлаар, 9 байршил, 58 хэсэгчилсэн талбайд 44 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаагаа явуулж байна.Үүнд: 16,671 айлын орон сууц ашиглалтад орсон.

Цаашид бид Улс, нийслэлийн төсөвт инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловруулах ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй байна. Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг түгжрэл, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор орон нутаг руу түлхүү олгох, түүнчлэн зорилтот хэсэг буюу утааг бууруулах чиглэлд хандуулахыг зорих болно.  

 

-Ипотекийн зээл олгох асуудал цаашид хэрхэн шийдэгдэх вэ?

 Энэ оны 8 сарын байдлаар 1899 иргэнд 213.318 тэрбум төрөгийн Ипотекийн зээлийг олгоод байна. Цаашдаа ипотекийн зээл олголтыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд манай яам, Сангийн яам, Төв банкнаас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ипотекийн санхүүжилтийг ЗГ шилжүүлж авахдаа төсөвт дарамтгүйгээр Монгол банкинд алдагдал хүлээлгэхгүйгээр үнэт цаас гаргах замаар шийдэх, цаашдаа урт хугацааны хямд эх үүсвэртэй ипотекийн зээлийг хариуцсан Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпораци байгуулан ажиллах нь зөв гэж харж байна. Мөн ипотекийн санхүүжилтийн асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн баримт бичгийг гарган мөрдөх нь зүйтэй байна. Энэ оны хувьд ипотекийн зээл олголт энэ сараас хэвийн олгогдож эхэлнэ. Түүнчлэн орон нутагт орон сууц худалдан авсан иргэдэд 3 хувийн хүүтэй зээл олгох бодлогын том зорилтоо энэ оноос хэрэгжүүлж ажиллалаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хот, хөдөөгийн сэргэлт бодлого”-ын хүрээнд 2023 оноос хөдөө, орон нутагт олгох ипотекийн зээлийн хүүгийн хэмжээг 3 хувь болгосон бөгөөд Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд ипотекийн зээлийн сарын төлбөрт 29.7 хувиар бага төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэхүү бодлого нь өрхийн бодит орлогыг хадгалах, цаашлаад бүс нутгийн эдийн засгийг дэмжихэд таатай нөлөө үзүүлнэ гэж харж байна.

Зээлийн дийлэнх хувийг Орхон /17.5%/, Дархан-Уул /15.8%/, Дорнод /13.0%/ аймгуудад олгосон байна. Нийт зээлд хамрагдсан 178 зээлдэгчийн 169 нь тухайн орон нутагтаа амьдардаг иргэд, 9 зээлдэгч нь Улаанбаатар хотоос орон нутагт шилжин зээлд хамрагдсан байна.

Мөн Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсэгт батлан даалт хийх замаар хуримтлалгүй өрхүүдийг 12% урьдчилгаа төлбөр төлөөд ипотекийн хөнгөлөлттэй 3 хувийн зээлд хамргадах боломжийг бий болгоод байна. Урьдчилгаа төлбөрийн батлан даалтад 23 зээлдэгч 343.1 сая төгрөгийн батлан даалтад хамрагдсан байна. Батлан даалтад хамрагдсан 23 зээлдэгчийн 8 нь Худалдаа хөгжлийн банк, 14 нь Төрийн банк, 1 зээлдэгч Капитрон банкнаас хөнгөлөлттэй 3 хувийн зээлд хамрагдсан байна.

 

-Газрын тухай багц хуулийн гол концепц, хуульд өөрчлөлт оруулах ямар  үндсэн шаардлага байв. Ер нь салбарын хэмжээнд хууль эрхзүйн орчинг сайжруулах чиглэлээр ямар ажлууд үргэлжилж, мөн хийхээр төлөвлөгдөж байна вэ?

Газрын харилцааны салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газрын шинэтгэлийг цогцоор нь хийх зорилгоор “Газрын багц хуулийн төсөл” /Газрын ерөнхий хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Кадастрын тухай, Газрын төлбөрийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай/, “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төсөл”, “Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “Орон сууц ашиглалтын тухай хуулийн төсөл”, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 10 хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Газрын тухай хууль нь анх 2002 онд батлагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээний актад газрын талаарх зохицуулалт зэрэгцэн үйлчилж байгаа нь хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгон, хэрэглэгч болох төр, орон нутгийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд ойлгомжгүй эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм. Тиймээс газрын хуулийн нэг шинэ концепц бол хот төлөвлөлтийн дагуу газар олголтыг хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх явдал байх болно.

 

 -Барилгын салбарын тусгай зөвшөөрөл, бусад зөвшөөрөл олголт зэрэг төрийн үйлчилгээг хүнд суртал, авлига ашиг сонирхолоос ангид байлгах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

Барилгын салбар тусгай зөвшөөрөл олголтын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр Төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх болсон анхны яамдын нэг.  “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг хүлээн авч, хянаж, бүрдлийг хангуулж, шийдвэрийн төслийг эцэслэн боловсруулах, баталгаажуулах хүртэлх үе шатны ажиллагааг эрхэлж байна. “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ нь “Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг мөн баталгаажуулах хүртэлх ажиллагааг эрхэлж, төслийг эцэслэн боловсруулж байна.

2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр аж ахуйн нэгж, байгууллагуудын барилгын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг www.mcis.gov.mn цахим системээр бүртгэн олгож байна.

Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь бүрэн цахимд шилжсэнээр хүсэлт гаргах, хянах, шийдвэрлэх үйл ажиллагаа ил тод, шуурхай болсон. Тухайлбал: цаасан материал бүрдүүлэлт ихтэй, ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, тодруулах, лавлагаа авах гэх мэт хүний оролцоо, цаг хугацаа шаардсан үйл ажиллагаа ихтэй байсан бол одоо цаг хугацаа хэмнэж, иргэдэд илүү нээлттэй болсон гэж үзэж байна.

Ер нь цаашид барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлэхгүй байх чиглэлд онцгой анхаарах болно гэдгийг дашрамд хэлье. Мөн барилгын ажлын явцад аюулгүй орчин, хөдөлмөр хамгаалалтын асуудлыг хотод мөрдүүлэх, зөрчил гаргавал тодорхой хугацаанд зөрчлөө засахгүй бол зөвшөөрлийг цуцлах зарчмыг мөрдлөг болгох болно.

Барилгын чанарын асуудалтай зэрэгцээд хууль журам, дүрэм, норм стандарт мөрдөх, хариуцлага сахилга баттай барилгын ажил эрхэлдэг байхыг, Төр барилгын компаниуд анхаарч ажиллах болжээ гэдгийг эцэст нь хэлье.

 

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.186.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.