Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-09-14

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Ерөнхий сайд тус замын ажлын явцтай гуравдахь удаагаа танилцаж байна.
 
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчилж буй. Хоёр эгнээ хуучин автозамыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ автозам барьж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй таван багц ажлаас нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр багц ажилд 300 орчим инженер, техникийн ажилчид, 128 техник, тоног төхөөрөмж ажиллаж, барилгын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна.


 
Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хийгдэж буй хоёр эгнээ автозамаас 2022 онд багц нэг болон дөрөвдүгээр хэсгийн суурь асфальтбетон хучилт бүрэн дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны  аравдугаар сарын 30-нд нээсэн. Өнөөдрийн байдлаар өнгө хучилт хийгдэж байна, 2023 онд дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замыг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Төслийн гүйцэтгэл 67.5 хувьтай байна.
 
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо. Мөн ажлаа хугацаанд нь дуусгаагүй, чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оролцуулахгүй байхыг даалгав. 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.161.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.