БХЯ/: БАРИЛГАЧИН ДАЙЧИД ҮЕРИЙН ХОР ХОХИРЛЫГ АРИЛГАХ, СЭРГЭЭН БОСГОХ АЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-08-09
Зэвсэгт хүчний тухай Монгол Улсын хуульд заасны дагуу Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үндсэн үүргээс гадна байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос хүн ам, эд хөрөнгийг авран хамгаалахад дэмжлэг үзүүлэх үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирсэн юм.
Энэ удаа нийслэл хотод 8 дугаар сарын 5-ны орой орсон их хэмжээний борооны улмаас Баянзүрх дүүргийн зарим хороонд олон тооны айл өрх, аж ахуйн нэгж үерийн аюулд өртөж, эд хөрөнгийн ихээхэн хохирол амссан бөгөөд өнгөрсөн өдрүүдэд уг гамшгийн хор хохирлыг арилгах, сэргээн босгох ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Тэд энэ үеэр үерт автсан усны хоолойн бөглөрлийг гаргах, зам, далан болон айл өрхийн хашаанд хуримтлагдсан лаг шавар, хогийг ялган бөөгнүүлж, ачаалахад бэлтгэх, ачаалах, тээвэрлэх ажлыг амжилттай гүйцэтгэж, Онцгой комиссын бүрэлдэхүүн, иргэдээс өндөр үнэлэлт авлаа.
Уг ажилд манлайлах үүрэгтэй оролцсон бүрэлдэхүүний тоонд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн командлалын харьяа алба хаагчид юм.
Энэ талаар Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын офицер дэд хурандаа Б.Эрдэнэбаатараас тодруулга авлаа.
Түүний хэлснээр дээрх удирдах газар, түүний харьяа Зэвсэгт хүчний 342 дугаар ангиас тус бүр нэг нэгж шанага татагч, экскаватор болон 10 хүртэлх нэгж өөрөө буулгагч хүнд даацын автомашиныг жолоочтой гаргаж уг ажилд дэмжлэг үзүүлж ажиллажээ.
Тэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн гамшигт өртсөн зам, далан болон айл өрхийн хашаанд хуримтлагдсан лаг шавар, хогийг ачаалах, тээвэрлэх, заасан районд хүргэж буулгах зэрэг ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.184.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.