БХЯ/: ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБА ХААГЧДЫН ТҮВШНИЙГ ТОГТООХ 3 ДУГААР ШАТНЫ ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох 3 дугаар шатны үзлэг эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт Аливаа аюултай тэмцэх үндэсний чадамжийг дээшлүүлэх багц зорилтууд багтсан. Ингэснээр нийгэмд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын талаарх ойлголт, хандлагыг дээшлүүлэх, залуу үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлэх, аливаа аюул эрсдэлийн үед нийт ард түмнээрээ сөрөн зогсоох, бага хохиролтойгооор даван туулах нэгдмэл чадавхыг дэвшүүлэх гэсэн бодлогын зорилгын хүрээнд “Бидний бахархал” төсөл, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын захиргааны удирдлагын нэгдмэл байдлыг хангах арга хэмжээ, Монгол Улсын иргэд, хүүхэд залуучуудад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг танилцуулахтай холбогдсон олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Ялангуяа нийт үндэстнээрээ аливаа аюул эрсдэлийг даван туулах, бие бялдар, сэтгэл зүй, оюун санааны нэгдмэл чадавхтай байх энэ бодлогын тэргүүлэх эгнээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд манлайлж ажиллах ёстой гэсэн томьёоллыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч дэвшүүлсэн байдаг хэмээн бригадын генерал Д.Баасандамба нээлтийн үеэр онцоллоо.
Тэрээр “Хэдийгээр богино хугацаанд явагдаж байгаа боловч ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох үзлэг нь залуучуудын дунд түгээмэл байгаа ёс зүйн доголдол, цэргийн алба хаах насны залуучуудын эрүүл мэндийн байдал, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд өргөн тархсан нийгмийн гаралтай өвчлөл, ёс зүйн асуудлуудыг дүгнэж, цэгцлэхэд чиглэгдэж байгаа. Мэдээж бие бялдар, ёс зүйн хувьд үнэмлэхүй төгс үзүүлэлт гарна гэсэн ойлголт байхгүй. Гол нь ирээдүйн залуу офицер, ахлагч нар, одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд дэлхийн боловсролын чухал хэмжүүр болсон эрүүл мэнд, зөв хандлага төлөвшил, мэргэжилдээ эзэн байж хөгжих гэсэн гурван томьёоллыг хэрэгжүүлэх оюун санаа, сэдлийг бий болгож байгаагаараа онцлог юм. Иймд төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулагуудын удирдах бүрэлдэхүүн энэхүү үзлэгээс шинэ үеийн шинэ шаардлага, зорилго бий болж, бид хичээх ёстой гэсэн ойлголттой болох нь чухал” хэмээгээд нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.
Үүний дараа Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Энэхүү үзлэг нь эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, дүрэмч жагсаалч байдал, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн бэлэн байдлын түвшин, цэргийн сургалт бэлтгэлийн явц, чанар, орчин, өнөөгийн байдлыг бодитоор тогтоож, цаашид алба хаагчдад чиглэсэн сургат бэлтгэлийн эрх зүйн орчин, материаллаг бааз, хөгжих орчныг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга замуудыг оновчтой тодорхойлох ач холбогдолтой юм” гэлээ. Түүнчлэн өргөсөн тангарагтаа үнэнч, эрхэлсэн ажилдаа эзэн, ёс зүйтэй, шударга байхыг шаардаж буй энэ цаг үед удирдах албан тушаалтан та бүхэн ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтээрээ алба хаагчдаа үлгэрлэж ажиллах ёстой хэмээн захив.
ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор тус үзлэгийн нэг, хоёрдугаар шатны ерөнхий үнэлгээ, дүгнэлтийг танилцууллаа. Үзлэгийн явцад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид зөрчил, дутагдлаа засах, албандаа хандах хандлага, өөрийгөө дайчлах хүсэл, эрмэлзэл нь илүү нэмэгдсэн гэдгийг тэрээр дурдлаа.
Үүний дараа Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригаын генерал Ж.Болдбаатар нийт бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өгч, Цэргийн дүрмийн мэдлэгийн шалгалтаар гуравдугаар шатны үзлэг эхлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.132.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20