БХЯ/: “БХЯ-НЫ АХМАДЫН БОЛОН АЛБА ХААГЧДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-02
Өчигдөр буюу намрын дунд сарын шинийн 17-ны Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан БХЯ-ны Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн нээлтийг хийлээ.
Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Ахмадын зөвлөл, БХЯ, ЗХЖШ-ын Ахмадын хорооны удирдлага, гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын алба хаагчид, ахмадууд, барилгын ажлыг гүйцэтгэгч "Хөх бүрдний эх" ХХК-ын төлөөлөл оролцов.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ "Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшил, сайн сайхны төлөө залуу нас, сэтгэл зүрхээ зориулсан үе үеийн ахмадууд та бүхэндээ олон улсын Ахмадын өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн бид Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, батлан хамгаалах багц хуулиудад нийцүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох стратегийн зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
БХЯ алба хаагчдынхаа болон тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудынхаа санал хүсэлт, нийгмийн асуудалд анхаарах, ажиллаж амьдрах орчныг сайжруулж, хүний хөгжлийн орчныг бий болгох талаар багагүй ажлуудыг хийж байгаагийн нэг нь өнөөдөр нээлтийг нь хийж буй "Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв"-ийн бүтээн байгуулалт юм. Цаашдаа ч БХЯ-наас шинээр байгуулагдсан хөгжлийн төвөө үргэлж дэмжиж ажиллах болно. Зэвсэгт хүчний ахмад, залуу үеийн алтан хэлхээ мөнхөд гагнагдаж, монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай" хэмээлээ.
Ийнхүү батлан хамгаалах салбараас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадууд маань чөлөөт цагаа ая тухтай, үр өгөөжтэй өнгөрүүлэх, залуу үетэйгээ хамтарч ажиллах, амралт, соёлын болон олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах өөрсдийн гэсэн өргөөтэй болсон нь олон жилийн турш яригдсан асуудлыг шийдсэн, нүдээ олсон цогц ажил болж буйг хуран цугласан ахмадууд онцолж байлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.108.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.