БХЯ/:ЁС ЗҮЙ, БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ ҮЗЛЭГИЙН ГУРАВДУГААР ШАТНЫ ҮЗЛЭГ ДОРНОД АЙМАГТ ЯВАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох үзлэгийн 3 дугаар шатны үзлэг өнөөдөр Дорнод аймагт явагдаж эхэллээ.
Тус аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж буй тус үзлэгийг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор нараар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байна.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, дүрэмч-жагсаалч байдал, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, цэргийн сургалт бэлтгэлийн явц, чанар, орчин, өнөөгийн байдлыг бодитоор тогтоож, цаашид цэргийн алба хаагчдад чиглэсэн сургалт бэлтгэлийг сайжруулах арга замыг тодорхойлох зорилготой тус үзлэгийн нээлтийн ажиллагаа Дорнод аймгийн Тусгаар тогтнолын талбайд боллоо.
Нээлтийн ажиллагаанд тус аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, бригадын генерал Ж.Болдбаатар, Г.Болор нараар ахлуулсан ажлын хэсэг, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа О.Ганзориг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.
Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий үзлэгт хамрагдах бие бүрэлдэхүүнд хандан "Та бүхэн дарийн утаа үнэрлэсэн дайчин түүхтэй нутагт алба хаадгаараа онцлогтой. Мөн монгол цэрэг-дэлхийн цэрэг хэмээх нэр алдрын эзэд. Энхийг сахиулах үйлсээрээ дэлхийд Монгол гэдэг нэрийг дэлхийд мандан бадруулж яваа. Тийм учраас монгол цэргийн нэр төрийг өндөрт өргөн энэхүү шалгалтыг эрч хүч, амжилт дүүрэн даван гарна гэдэгт итгэлтэй байна" хэмээв.
Мөн бригадын генерал Ж.Болдбаатар "Нэгдүгээр шатны үзлэгийг анги, байгууллага, нэгжүүд дотооддоо зохион байгуулсан. Хоёрдугаар үе шатанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд удирдлагын хэмжээнд зохион байгуулж, дүнгээ нэгтгэсэн. Гуравдугаар шатны үзлэгт эхлээд удирдах дээд байгууллагын хэлтэс буюу түүнээс дээш албан тушаалд ажиллаж буй ахлах, дээд офицерууд бөгөөд та бүхнийг удирдлагаар хангадаг албан тушаалтнууд хамрагдсан. Энэ удаад бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, монгол орны төв болон баруун, зүүн хэсэгт тус үзлэг явагдаж байна. Энэхүү үзлэг явагдсанаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоо сайжирна гэж харж байгаа. Бид өмнө нь түвшин тогтоох үзлэгийн хүрээнд биеийн тамирын шалгалт авдаг байсан бол одоо ёс зүй, манлайлал гэдэг том ухагдахуун бий болсон. Ингэснээр төрийн алба, ялангуяа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын тангараг өргөсөн алба хаагчид нийгэмдээ эрүүл чийрэг, зөв хандлагатай, ёс зүйтэй, нэгдмэл уялдаа холбоотой, манлайлагч болж төлөвшинө" гэж онцлоод нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.
Хөтөлбөр, төлөвлөгөөний 10 дугаар сарын 9-13-ний өдөр биеийн зохистой харьцаа, сэтгэл зүй, ёс зүйн байдал, цэргийн дүрмийн мэдлэгээ шалгуулж, бие бялдрын бэлтгэлжилтийн норматив, жагсаалын үзлэгт хамрагдах юм. Гуравдугаар шатны үзлэгийг Зэвсэгт хүчний 327 дугаар анги болон Дорнод аймгийн Политехникийн коллежийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.188.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20