БХЯ/: ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГ, БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДЭНДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн Монгол цэргийн сүлд хийморийн бэлгэдэл, оройн дээд шүтээн Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, БИЦУГ, Төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд болон мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ цэргийн алба хаагч бүр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, үнэн зөв ойлголттой байх нь туйлын чухал болохыг онцлоод жижиг ч гэсэн андуу, ташаа мэдээлэл нь Монгол Улсын Зэвсэгт хүчний 20 гаруй жилийн түүхтэй энэхүү эрхэм ариун үйлсийг харлуулах, нийтэд сөрөг сэтгэгдэл төрүүлж болохыг сайтар ухамсарлан ойлгож, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.
Үргэлжлүүлэн ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба үг хэлсэн юм. Тэрбээр эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг улс-төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний оролцоо, хувь нэмэр асар их байдгийг онцлов.
Үүний дараагаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр XIII ээлжийн цэргийн багийн захирагчид даян дэлхийн энхийн үйлсэд эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг захиад Монгол Улсын Төрийн далбааг гардуулан өгсөн бол ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба аян замдаа сайн явахын бэлгэдэл болгож мэндийн цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүг өргөн барьсан юм.
Мөн энэ үеэр XIII ээлжийн цэргийн багийн захирагч дэд хурандаа Т.Уламбаяр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямбын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг хүртсэн бөгөөд тэрээр “Манай цэргийн баг Монгол Улсынхаа төр засаг, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг мадаггүй биелүүлж, үүргээ амжилттай гүйцэтгэсээр ирсэн үе үеийн цэнхэр дуулгатан цэрэг эрс, дайчин нөхдийнхөө нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр бий болсон ололт, амжилтыг улам бүр бататган аливаа өгөгдсөн үүргийг ажиллагааны мандат, дүрмийн хүрээнд, тогтсон журмын дагуу, мэргэжлийн өндөр түвшинд цэрэг хүний ёсоор биелүүлэх болно” хэмээлээ.
Ташрамд тэмдэглэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2021 онд НҮБ-ын 76 дугаар чуулганы индрээс Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог 15 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлсэн гэдгийг онцолсон билээ. Тэгвэл энэ удаагийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний 11,8 хувийг эмэгтэй цэргийн алба хаагч эзэлж буй юм. Бүр тодруулбал, энэ удаагийн ээлжид 101 эмэгтэй цэргийн алба хаагч багтан хилийн чанадад үүрэг гүйцэтгэхээр ажиллагааны газар орныг зорьж буй юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.10.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20