СХД/ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Мянга мянган сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш, эцэг эхчүүд, оюутан, сурагч, бяцхан дүү нарын жаргалын дуу цангинасан, мөнгөн хонхны дуу цуурайтсан Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгүүд үүдээ нээж 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтийг баяртай мэдээгээр эхлүүлж байгаадаа таатай байна. Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн дөрөв дүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийг 2023-2024 оны хичээлийн жилээс Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль болгон өөрчлөх түүхэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан.
Монгол-Оросын хамтарсан хөтөлбөртэй 162 дугаар сургууль маань 70 гаруй багш, ажилтантай 1100 гаруй суралцагчтайгаар өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд ОХУ-аас Монгол Улсад Суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, ОХУ-аас ирсэн багш, төлөөлөгчид, УИХ-ын гишүүн, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад удирдлагууд оролцлоо.
Энэхүү сургууль маань жил бүрийн 1 дүгээр ангидаа Монгол-Орос улсын хамтарсан хөтөлбөртэй сургалт явуулж улмаар 12 жилийн дараа бүрэн Орос хөтөлбөртэй сургууль болох зорилтыг тавин ийнхүү хичээлээ эхлүүлсэн юм.
Энэ жилийн нэгдүгээр ангийн таван бүлэгт 170 гаруй сурагчид элсэн суралцаж орос хэл дээр боловсрол эзэмшихээр элсэн орлоо. Эдгээр сурагчдад Оросын холбооны улсаас 5 багш урилгаар ирж сургалт хүмүүжлийн хичээл орж байна.
Ерөнхий боловсролын 162 дугаар сургуульд зөвхөн хамран суралцах тойргийн сурагчид элсэн орох бөгөөд үнэ төлбөргүйгээр Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд маань орос хэл дээр боловсрол эзэмшиж эхэлж байгааг дуулгахад таатай байна.
Монголын маань ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань сурч боловсрох аятай тухтай нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн хөгжиж дэвших бололцоог хангахад олон хүний нөр их хөдөлмөр орсон. МУЗГ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Жаргалмаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, ОХУ-аас Монгол Улсад Суугаа Элчин сайдын яам, МУ-ын Засгийн газарт Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.109.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20