ОГ: Ойн мэргэжлийн хоёр байгууллагад тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-10-27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ болон ЗГХА Ойн газраас мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарьц суулгацын чанарыг дээшлүүлэх зорилгоор мод үржүүлгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр “Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх” чиглэлийн эрх бүхий ойн мэргэжлийн хоёр байгууллагын мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Ойн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх” чиглэлийн эрх бүхий “Од тоб” ХХК, “Агро форест” ХХК-д иж бүрэн усалгааны систем бүхий 6х20 метрийн хэмжээтэй хүлэмж, гурван төрлийн өрөм бүхий бензин моторт модны нүх ухагч иж бүрэн багаж болон таван морины хүчин чадалтай хөрс сийрүүлэгч төхөөрөмжийг гардуулан өглөө.

Цаашид мэргэжлийн байгууллагуудыг дэмжиж өгснөөр ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн нөхөн сэргээлтэд шаардлагатай Монгол орны хөрсөнд ургуулсан стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмэр болно. Аж ахуйн нэгж, байгууллагууд нь багаж, төхөөрөмжийн дэмжлэг авахдаа тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан байх бөгөөд дэмжлэг авсан аж ахуйн нэгж, байгууллагууд нь тарьж ургуулсан тарьц, суулгацын нөөцөөсөө тодорхой тоогоор Ойн газраар дамжуулан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар мод, сөөгийн тарьц, суулгац нийлүүлэх болзолтойгоор тус арга хэмжээнд хамрагдаж байна.

Уг үйл ажиллагаанд БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооны төлөөлөгчид оролцлоо. Цаашид үе шаттайгаар мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагуудыг дэмжих үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах болно. Мөн иргэд, ойн нөхөрлөлүүдийн дунд дэмжлэг үзүүлэх болзолт уралдааныг явуулах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.227.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.