ХУД: ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД СУУРЬШИЖ БАЙСАН АЙЛУУДЫГ НҮҮЛГЭЖ, ЧӨЛӨӨЛСӨН ГАЗАРТ НИЙТИЙН ЭЗЭМШИЛД АШИГЛАХ ТОХИЖИЛТ ХИЙНЭ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-08-31

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байсан 28 айлыг өнгөрсөн  дугаар сард нүүлгэн шилжүүлсэн.

Тус чөлөөлсөн талбайд дүүргийн хөрөнгөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, ногоон байгууламжтай тохилог орчинг бүрдүүлэхээр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

Хамтын ажиллагааны санамж бичгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр, Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны дарга Н.Ганзориг нар баталгаажуулж, гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа нь тус чөлөөлсөн газарт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ашиглуулах шийдвэр гаргахгүй байх, Хан-Уул дүүрэг ногоон байгууламжтай тохилог орчин бүрдүүлсэн тохижилт хийхээр дурдсан.

 

Энэ талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр: “Туул гол дагуу үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байсан 28 айлыг дүүргийн Засаг даргын 2023 оны А/428 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан, 7 дугаар сард нүүлгэн шилжүүлсэн. Нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах 30 гаруй сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж, чөлөөлсөн талбайд дүүргийн хөрөнгө оруулалтаар иргэдэд зориулан амралт, зугаалгын цэг байгуулна.

Богдхан уулын орчмын газрын зөвшөөрлийг Байгаль, орчин аялал жуулчлалын яам олгодог тул тус чөлөөлсөн талбайд дахин иргэн, байгууллагад газар олгохгүй байх, цаашид нийтийн эзэмшлийн хүрээнд ашиглахыг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа хариуцаж, дүүргийн Засаг даргын захирамжаар тохижилт хийх санамж бичиг байгууллаа” гэв

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.255.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.