“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК УЛСЫН ИХ ХУРЛЫН 28-Р ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ БҮРЭН ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Үйл явдал
/
2023-10-18

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх” зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасан.

Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ хил нөхцөлөөр биржээр борлуулж 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олсон. Санхүүгийн сахилга батыг сайжруулан өр төлбөрийг 2.0 их наяд төгрөгөөр бууруулж 363.2 тэрбум төгрөгийн хэмнэлт хийлээ.  Ил тод, нээлттэй байдлыг хангаж компанийн борлуулалт, нүүрс тээвэр, худалдан авалт, С зөвшөөрөл гэх мэт бүхий л мэдээллийг www.ett.mn цахим хуудсанд нээлттэй байршуулж, баяжуулах үйлдвэр, усан хангамж, цахилгаан хангамжийн төслүүдийг эрчимжүүлэн, ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн УИХ-ын 28-р тогтоолын хэрэгжилтийг бүрэн ханган ажиллалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэн нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төлж Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Онцгой дэглэмийн тогтоосноос хойш 2023 оны 09 сарын 30-ны дуустал хугацаанд 2.9 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.5 сая тонн нүүрс борлуулаад байна

Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолын дагуу компанийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүнд бүхий Олон улсын Мүүр Аудит ХХК аудит хийж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагаа болон УИХ-ын 28-р тогтоолын биелэлтийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралд танилцууллаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.167.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.