ОГ: Тайваний мод усалгааны эко хувинг Төв аймагт туршлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-08-19
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Тайваний “Ци Шинь сан”, Монгол Улсын “Хязгааргүй байгаль сан” ТББ хамтран ЗГХА Ойн газарт 2023 оны 8-р сарын 18-ны өдөр 300 ширхэг Тайваний мод усалгааны эко хувин хандивлаж, мод тарих ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь 4 дэх удаагаа Тайваний мод усалгааны эко хувинг Монгол Улсад хандивлаж байгаа бөгөөд одоогоор нийт 1000 ширхэг Тайваний мод усалгааны эко хувин хандивлаад байна. Энэ удаад Төв аймагт анх удаагаа энэхүү технологийг хэрэглээнд нэвтрүүлж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм.

 

?Тайваний “Ци Шинь сан” нь Тайваний “Рэнжоу” аж ахуйн нэгжтэй хамтран Тайваний мод усалгааны эко хувинг хөгжүүлж, дахин боловсруулсан цаасны целлюлозыг ашиглан эко хувин үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү эко хувингийн тусламжтайгаар модны суулгацыг нэг сарын турш ус чийгээр бүрэн хангах боломжтой юм. Харин үүний дараа борооны ус болон усны машинаар зөөвөрлөн авчирсан усны тусламжтайгаар усны нөөцийг дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр хуурай хөрстэй бүс нутагт модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх боломжтой төдийгүй Тайваний мод усалгааны эко хувингийн тусламжтайгаар Тайваний хуурай, хөрсний доройтолд орсон бүс нутагт мод суулган, модны суулгацын амьдрах чадварыг 10%-иас 95% хүртэл амжилттай нэмэгдүүлж чаджээ.

?Ци Шинь сангийн захирал Чэн Ли И хэлсэн үгэндээ “Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр энэ удаад ЗГХА Ойн газартай мод тарих чиглэлээр хамтран ажиллаж буйдаа гүнээ талархаж байна. Бид Тайваний далайн эрэг дагуу зуны улиралд 80 градус хүртэл халдаг, өвөлдөө хүчтэй салхи салхилдаг элсэрхэг хөрсөнд одоогоор 1.1 сая гаруй мод тариад байна. Энэ удаагийн хамтын ажиллагаагаар дамжуулан бидний үйл хэрэг цаашид улам бүр өргөжин тэлэх боломж нээгдэж, Монгол орны хөрсөн дээр илүү олон мод амжилттай тарьж суулгах болно гэдэгт итгэлтэй байна. Ой модтой бол устай, зөөлөн уур амьсгалтай болж, байгалийн үзэсгэлэнт өнгө үзэмжийг хадгалж хамгаална. Ингэснээр бид уур амьсгалын сорилттой тулгарах үед илүү тэсвэртэй, уян хатан байж чадах билээ.” гэв.

?Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн Грэйс Лүө хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй холбогдуулан манай төлөөлөгчийн газар нь Тайваний Ци Шинь сантай хамтран өнгөрсөн онд Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нийслэлийн Бизнес инновацын газрын Бизнес инкубатор төвд нийт 3 удаа эко хувингийн тусламжтайгаар мод суулгасан бөгөөд эдгээр модны суулгац нь 100% амжилттай ургаж чадсан. Энэхүү тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд энэ удаад бид эко хувин ашиглан мод суулгасан 4 дэх туршилтын талбайг байгуулж, энэ нь Тайваний мод усалгааны эко хувинг Монгол оронд сурталчлах үндэс болно гэж найдаж байна.” гэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарTaiwan in Mongolia

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.109.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.