Баруун бүсийн чуулган: 2025 онд 2.1 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-09-12

“Хариуцлагатай уул уурхай баруун бүсийн чуулган энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Алтай хотод боллоо. 

Бүс нутгийн иргэд, аж ахуйн нэгжид мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, “Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга”-аас зохион байгуулсан тус өдөрлөгт илтгэл тавьсан зарим оролцогчдын илтгэлээс тоймлон хүргэе. 

Эхний илтгэлийг "Эрдэс баялгийн салбарт хуриацлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого" сэдвээр УУХҮЯ-ны Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал тавилаа. Тэрээр, уул уурхайн салбар өнгөрсөн онд ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, ГШХО-ын 83 хувь, экспортын 94 хувийг эзэлж байна. 2022 оны төсөв 18.5 их наяд байснаас 24.8 хувь буюу 4.6 их наяд төгрөг болсоныг хэллээ. 

Мөн “УУХҮЯ-наас Байгаль орчин, нийгэм засаглалын хүрээнд баримтлах бодлогод орсон зарим өөрчлөлтөөс танилцуулав. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын геологийн судалгааны ажил, ашигт малтмалын нөөцийг тогтоох чадавхыг сайжруулахаар болсон. Түүнчлэн АМТХ-ийн Шинэчилсэн найруулгын хүрээнд хайгуул, нөөц, баялгийн тооцоололд анхаарч ажиллана. Харин олборлолтын салбарт ордын нөөцийг сорчлохгүй ашиглах, уурхайн өргөтгөл шинэчлэлт, боловсруулалтыг шинэ туршлагыг нэвтрүүлэх, уул уурхайг хэрхэн цахимд шилжүүлэх, хаалтын иж бүрэн менежмент зэргийг сайжруулна. Боловсруулалтад нүүрс баяжуулах үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэрийн ажлыг саадгүй явуулна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржид дэлхийн зах зээлийн үнэ, шударга тэгш өрсөлдөөн, ил тод, нээлттэй арилжааг явуулна” гэдгийг илтгэлдээ дурдсан юм. 

Үргэлжлүүлэн тэрээр, “Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлагыг 2050 он хүртэл гэж тодорхойлж байна. Ирээдүйд өнгөт болон хар металл, чухал ашигт малтмал, нүүрсийг голлон анхаарна. Эдгээр бүтээгдэхүүнийг цахилгаан машин, батарей, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, дэд бүтэц, эрчим хүчтэй холбоотой ашиглана. Мөн сэргээгдэх эрчим хүчний хувьсгалын дүнд зэсийн хэрэглээ 2050 он гэхэд 2-3 дахин, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин өсөх хандлагатай байна. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн 13 төсөл байгаа. Эдгээр төсөл нь газрын тос боловсруулах, нүүрсний ордыг ашиглах, зэс боловсруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолборуудыг барих төсөл гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй. Үүнээс зэсийн төсөл 2025 он гэхэд Эрдэнэт, Оюутолгой дээр нэмэгдэж, Цагаан суваргыг ашиглалтад оруулснаар 2.16 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэж тооцоолсон. Энэ нь 2021 онтой харьцуулахад 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн катодын зэсийн үйлдвэрлэл 9800 тонн байсныг 422 500 тонн болгоно” хэмээн эрдэс баялгийн салбарын хэтийн төлвийн талаар мэдээлэв.

Баруун бүсийн чуулганы дараагийн илтгэгч АМГТГ-ын дарга Л.Баярмандал "Ковидын дараах уул уурхай" сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр “Цар тахлын өмнөх жил буюу 2019 онд уул уурхайн салбар ДНБ-нд 25.3 хувийг эзэлж байсан бол цар тахал гарсан жил буюу 2020 онд 23.3 хувь болж буурсан. Харин өнгөрсөн жил 24.3 хувьтай байна. Мөн  уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 2021 онд хамгийн бага болж 44 мянгад хүрчээ. Энэ нь 2016 оноос хойших хамгийн муу үзүүлэлт. Харин 2023 онд 63 мянга гаруй хүн уул уурхайн салбарт ажиллаж байна. 

Уул уурхайн экспорт нийт экспортын эзлэх хувьд цар тахлын жилд, дараа нь ч гэсэн өссөөр байна. 2019 онтой харьцуулахад өнгөрсөн жил нийт экспортын 93 хувийг бүрдүүлж, 4 хувиар өсжээ. Харин уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд цар тахлын хоёр жилд нүүрс буурсан боловч өнгөрсөн жил, энэ онд  өссөн байна. Зэс 2021 онд өсөж, одоо тогтвортой явж байна.

Уул уурхайн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт цар тахлаас үл хамааран зогсонги байгаа”-г илтгэлдээ дурдав. Иймээс хөрөнгө оруулалтыг зайлшгүй нэмэх шаардлагатай байгааг онцолсон юм. 

Ковидын жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсад буурсан бөгөөд энэ нь уул уурхайн салбарт ч нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.