Мариана Вега: Байгаль орчин, нийгмийн ач холбогдолтой төслүүддээ тогтвортой хөгжлийн шагнал олгодог
Байгаль орчин болоод хүний эрхийг хамгаалах, нийгмийн лицензээ авахын тулд орон нутагтайгаа ойлголцоход анхаарах зэрэг сайн туршлагууд нэмэгдэж байна. Мэдээллийн зөрүүтэй байдал, ил тод бус байдал нь үл ойлголцол, үл итгэл, зөрчлийг бий болгодог учраас энэхүү мэдээллийн зөрүүг арилгах нь оролцогч талуудын томоохон сорилт болж байгаа аж.
Энэ талаар Перу улсын Уул уурхай, газрын тос, эрчим хүчний ассоциацын харилцааны менежер Мариана Вегагийн туршлагыг хуваалцаж байна.
Перу улсын Уул уурхай, газрын тос, эрчим хүчний ассоциаци 46 гишүүн байгууллагатай. ESG-ийн мэдээллийн ил тод байдлыг хангахад та бүхэн хэрхэн хамтарч ажилладаг вэ?
- Бид улсдаа ESG-ийн сайн туршлагыг хэрэгжүүлэгч нэг зорилготой байгууллага гэдгээрээ бахархдаг. Манай ассоциацын гишүүд MERCO гэж нэрлэгддэг индексийг хэрэгжүүлдэг. Нэг ёсондоо байгаль орчны шагнал гэж болохуйц цэнхэр сертификат юм. Энэхүү сертификатыг оролцогч талууд хариуцлагатай уул уурхайн илэрхийлэл хэмээн үздэг болсныг дуулгахад таатай.
Ийм хэмжээнд хүрэхэд бид хэд хэдэн санаачилга хэрэгжүүлсэн. Нэгд, бид иргэд, олон нийтийн санал, гомдлыг хүлээн авч, барагдуулах механизмын удирдамж гаргасан. Үүнийг компани бүр үйл ажиллагаандаа нэг стандартаар мөрддөг. Удирдамжаа хэн нэг зөвлөхөөр биш харин гишүүн бүх байгууллага хэлэлцэн боловсруулсан. Тэгснээрээ өөр өөр орон нутаг дахь харилцан адилгүй нөхцөл байдлыг тусгаж, компаниудын хувьд олон нийттэй харилцах үр дүнтэй харилцааны хэрэгсэл болж чадсан.
Анх 2013 онд боловсруулан баталж байсан бөгөөд сүүлд 2022 онд хүний эрх, олон нийтийн оролцоог хангасан зохицуулалтууд оруулж улам сайжруулсан. Хоёрт, бид Ёс зүйн дүрэмтэй. Гишүүн байгууллагууд энэ дүрмээ хэр зэрэг баримталж байгааг жил бүр шалгадаг. Ёс зүйн дүрэм 8 зарчимтай байсныг өнгөрсөн дөрвөн жилд уур амьсгалын өөрчлөлт, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн өөрчлөлт оруулж 12 зарчимтай болгосон. Гуравт, олон нийтэд зориулсан ил тод байдлын тухайд гэвэл манай улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хамгийн анх хэрэгжүүлж эхэлсэн орон. 18 жил хэрэгжүүлж байна.
Үндэсний тайлангаас гадна бүс нутгийн тайлан гаргадаг бөгөөд уул уурхайн компаниуд хэдий хэмжээний татвар, төлбөр хураамж төлж, Засгийн газар хэр зэрэг ихийг авч байгааг олон нийт мэдэх боломжтой.
Перугийн Уул уурхай, газрын тос, эрчим хүчний үндэсний ассоциацын хувьд Засгийн газар, компани, орон нутгийн иргэдийн дундах байгаль орчин, нийгэм, засаглалын мэдээллийн зөрүүг багасгахад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Компани бүр өөрийн харилцааны стратегитай, орон нутагтай харилцах арга барилтай. Тиймээс бидний хувьд харилцан туршлагаа солилцох платформын үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна бас хэд хэдэн үйл ажиллагаа бий. Бид эдийн засгийн судалгааны хэлтэстэй. Энд төрийн болон орон нутгийн байгууллага, судлаачид, сэтгүүлчид, нийгмийн бусад манлайлагчид гээд нийтдээ 14 мянга гаруй эх сурвалжаас эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх дата мэдээлэл цугладаг.
Энэхүү мэдээллийг ашиглан бид сар бүр салбарын тайланг гишүүд, оролцогч талууддаа хүргүүлэн ажилладаг.
Мөн салбарынхаа судалгаа шинжилгээг дэмжих зорилгоор бодлогын хүрээлэнгүүд, судлаачид, зөвлөхүүдтэй ойр ажилладаг. Өнгөрсөн жилүүдэд гэхэд манай салбарын нэмүү өртгийн сүлжээнд уур амьсгалын өөрчлөлт бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөөлж байгаа талаарх хэд хэдэн судалгаа хийлгэсэн. Ихэнх нь цахим орчинд нээлттэй байршсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч ярилцлага, мэдээллүүдийг гаргасан.
Түүнчлэн, эдийн засаг, нийгэм, байгаль орчны сэдвээр дагнан эрдэмтэд, иргэний нийгэм, шийдвэр гаргагчидтай ойр ойрхон хэлэлцүүлэг өрнүүлдэг. Хэлэлцүүлэг дээр албан ёсны эх сурвалжтай өгөгдлүүдийг шинжээчид хуваалцаж мэдээлэл солилцож, ойлголтоо нэгтгэх зэргээр олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн жил бүр байгаль орчин, нийгмийн өндөр ач холбогдолтой төслүүддээ Тогтвортой хөгжлийн шагнал олгодог. Өнгөрсөн жил гэхэд энэ шагналд 100 төсөл өрсөлдсөнөөс 16-г нь шалгаруулсан.
Мэдээж тус арга хэмжээ олон нийтэд нээлттэй явагдаж, хэвлэл мэдээллээр мэдээлэл түгээгддэг. Уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарын нийгмийн кампанит ажлыг бид мөн өрнүүлдэг. “Бүгдийн уул уурхай” хэмээх кампанит ажлыг бид тав дахь жилдээ явуулж байна. Уг санаачилга бодит өгөгдөл мэдээлэлд түшиглэсэн, олон ургалч үзэлд тулгуурласан хэлэлцүүлгийг нийгэмд өрнүүлэх зорилготой. Бид нийгмийн санаа бодлыг сонсож, эргэлзээнд хариу өгч, Перугийн уул уурхайн талаар иргэд бодит мэдээлэлтэй болоход их анхаардаг.
“Бүгдийн уул уурхай” кампанит ажил бол Өмнөд Америкт уул уурхайн мэдээллийг түгээж буй онцлох жишээний нэг. Кампанит ажлын хүрээнд орон нутгийн иргэдэд хэрхэн мэдээлэл хүргэдэг туршлагаасаа хуваалцана уу?
-Энэ кампанит ажил маань урт хугацаанд тууштай хэрэгжиж байгаа мөн компани бүр идэвхтэй оролцдог учраас амжилттай болж байгаа байх. Бидний хамгийн анхны өгсөн мессэж бол “Перугийн уул уурхайн албан ёсоор таныг сонсож, хариулах болно” гэдэг агуулга байсан. Бид олон арван үйл ажиллагаа зохион байгуулж, хэдэн зуун асуултад хариулт өгсөн.
Сурталчилгаанаас гадна олон нийтийн сүлжээгээр мэдээлэл түгээхээс гадна орон нутагт нүүр тулж уулзах, орон нутгийн иргэдийн радиогийн сувгийг ашигласан. Гэхдээ энэхүү кампанит ажил маань одоо ч гэсэн хэв загвараа олох гээд л явж байгаа гэдгийг хэлэх ёстой. Жил бүр үйл ажиллагаагаа, хүмүүсийн уул уурхайн талаарх ойлголтыг бид хэмждэг. Ямар арга зам, хэрэгсэл нь илүү үр дүнтэй байгаа, шинэ арга барил хэрэгтэй эсэхийг нягталдаг. Гол нь үйл ажиллагаа маань нийслэлд байршаад байгаа нь бидний том асуудал юм. Орон нутагтаа хүрч ажиллах, орон нутгийн иргэд үгийг нь сонсдог лидерүүд, илүү ойр дотно харилцаж ойлголцоход дөхөм хэлээр нь харилцах нь чухал байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.2.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20