MINING WEEK-2023: Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-10
Эрдэс баялгийн салбарын өнөөгийн хөгжлийг хурдасгах, шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх “Уул уурхайн 7 хоног” хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдлаа.
Өнөөдрийн хуралдааны үндсэн илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого” сэдвээр хэлэлцүүллээ.
Тэрбээр Монгол Улсад геологийн судалгааны 10 чиглэлээр 70 гаруй төсөл хэрэгжиж байгаа бөгөөд УУХҮЯ-ны зүгээс тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татах хүсэл, сонирхол өндөр байгааг хөрөнгө оруулагчдад илэрхийллээ.
Улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах, эдийн засгийн хөгжлийг дэмжих хэрэгцээ, шаардлага жил ирэх тусам нэмэгдэж буй. Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгох харилцааг хялбаршуулах, ил тод, хүртээмжтэй болгох нь нэн чухал гэдгийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар онцлоод, “Төр-Хувийн хэвшлийн түншлэл”-ийн зарчмыг өргөжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна гэлээ.
Энэ хүрээнд гадаад, дотоодын аж ахуй нэгжүүдтэй хамтран геологи, уул уурхайн төсөл хөтөлбөрийг илүү амжилттай хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэтийн хэмжээний олон, олон орд олох боломж бүрдэнэ гэдгийг тодотгов.
Манай улс нийт газар нутгийнхаа 45 хувьд геологийн суурь судалгаа хийсэн. Цаашид геологийн суурь судалгааг эрчимжүүлэх, олон улсын технологийн ололт, шийдлийг нэвтрүүлэхэд бодлогын хувьд анхаарч байгааг Ж.Ганбаатар сайд илтгэлдээ онцоллоо. Газрын тосны чиглэлээр 34 талбай ялгасан. Энэ талбайд хөрөнгө оруулахад нээлттэй гэдгийг мөн хэллээ.
Аж үйлдвэржилт ахисаар. Дорноговь аймагт Алтанширээт, Гэрэлт говь үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. "Алтанширээт" ҮТП 2024 оноос ширэм гаргах бол "Гэрэлт говь" ҮТП коксжсон нүүрсийг кокс болгон экспортлох юм. Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулах, нэмүү өртөг шингээх зорилгоор Аж үйлдвэрийн үндэсний хороог байгуулсан. Тус хороо нь гурван дэд хороотой. Зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулахыг салбарын сайд уриалсан юм. Зэс, нүүрсний гүн боловсруулалт, Хар төмөрлөгийн үйлдвэрлэлд төрийн бодлого чиглэж, хөрөнгө оруулагчдыг эдгээр төслүүдэд урьж байна.
Монгол Улс ирэх онд нийт газар нутгийнхаа 25 хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх геологийн дататай болно, олон улсын тендер зарлана. Газрын ховор металлын судалгааны төвийн үйл ажиллагаа эхэлнэ. Уул уурхайн биржээр нүүрс, жонш, төмрийн хүдрээс гадна зэсээ арилжаална. Тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлнэ. Хүнд үйлдвэрийн хуулийн төслийг УИХ-д өргөн барих, улмаар аж үйлдвэржилтийн эхлэл цэг болсон эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг Ж.Ганбаатар сайд онцоллоо. Энэ оны хувьд нүүрсний экспорт 60 сая тоннд хүрэхээр байна. Зэс металлын хаан. Тус металлын эрэлт хэрэгцээ цаашид ч өсөн нэмэгдэх нь.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, түүнийг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-д нүүрсээ угааж, зэсээ хайлуулан, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах, улмаар байгалийн баялагтаа нэмүү өртөг шингээх, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох тухай тусгасан. Үүнийг бодит ажил болгоход төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түүхэн үүрэгтэй. Тэгвэл геологийн салбарт хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэж, шинэ уул уурхайг цогцлоох эрдэс минерал, энэ чиглэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг УУХҮ-ийн сайд илтгэлийнхээ үеэр онцолсон юм.
Дэлхий дахинд эрэлт хэрэгцээ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй өндөр технологийн түүхий эдийн чиглэлээр ч геологийн судалгаа, эрлийн ажлууд Монгол Улсад эрчимтэй хийгдэж байгааг “Mining Week” арга хэмжээний хоймроос хөрөнгө оруулагчид сонслоо. Төрөөс баримтлах эрдэс баялгийн салбарын бодлого геологи хайгуулыг дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөх бус хамтрах, түншлэх зарчмаар “тоглоомын дүрэм”-ээ тодорхойлоод байна.
Монгол орны хэмжээнд хийгдсэн геологийн суурь судалгаа, төлөвлөлтийн талаар УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга чуулганы оролцогчдод танилцууллаа. Геологийн суурь мэдээллийн хүртээмжийг манайх цахимжуулсан. Монголд алт, зэсийн хэтийн төлөвтэй талбай олон байна. Эдгээрийг сайтар судалж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал Монгол Улс дэлхийн зах зээл дээр эрдэс металлын хүчтэй тоглогч болох боломж хол биш, ойр байна. Геологийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам шинэ ордууд илрэх магадлал их. Тиймээс УУҮЯ геологи хайгуулын салбарт улам далайцтай бодлого хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлнэ гэдгээ энэ үеэр зарлалаа.
Харин АМГТГ-ын дарга Л.Баярмандал Бага танхимд Монгол орны хэмжээнд хийгдэж буй ашигт малтмалын хайгуулын ажлын талаар илтгэл танилцуулж, уг ажилтай холбоотой хууль эрх зүйн орчны шинэчлэлийг онцоллоо.
АМГТГ-аас 2022 оны арваннэгдүгээр сарын 23-наас эхлэн төрөөс зарласан талбайд цахимаар сонгон шалгаруулалт явуулж, тодорхой шалгуур хангасан, санхүүгийн чадамжтай ААН-үүдэд ил тод, нээлттэйгээр тусгай зөвшөөрөл олгодог болсон. Үүнтэй холбоотой хайгуулын тусгай зөвшөөрлийг "арилждаг" байдал арилсан. Мөн Үндэсний геологийн албатай хамтран геологи, хайгуулын судалгааг эрчимжүүлж, үүн дээр үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор ажиллаж байгаа. Ингэхдээ ТЭЗҮ дээр үндэслэн олгоно гэдгийг илтгэлийнхээ үеэр дурдав.
Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, чирэгдэлгүй хүргэх үүднээс ингэж цахимжуулсан. Орон нутгийн иргэд, уурхайн харилцааг дэмжих зорилгоор зургаан аймагт бүсчилж төлөөлөгчийн газар байгуулсан хэмээн АМГТГ-аас хийж, хэрэгжүүлж буй зарим ажлаа танилцууллаа.
Монгол улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээ зарлаж буй энэ үед орон нутгийн иргэд болон уул уурхайн компаниудын харилцааг дэмжих, мэдээллээр хангах шаардлага үүсч буй. Энэ хүрээнд АМГТГ-аас 18 аймгаар явж, хэлэлцүүлэг хийсэн бөгөөд орон нутгийн иргэд болон нутгийн удирдлагуудтай нэгдсэн нэг ойлголтод хүрэх, цаашлаад салбар хоорондын уялдааг хангаж, хамтарч ажиллах шаардлагатай байгааг АМГТГ-ын дарга Л.Баярмандал илтгэлийнхээ үеэр тодотгосон юм.
Ийнхүү Mining week-2023 арга хэмжээний хоёр дахь өдрийн хурал өндөрлөлөө. Маргааш буюу 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр нүүрс тойрсон чухал сэдвүүд болон газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, шинэ төслүүдийг онцолсон илтгэл, хурлууд явагдана.
 
 
 
 
 
 
 
 
 
+24
 
 
Бүх хариу үйлдэл:
93
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.75.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.